Аврагчдаас төрсөн хоёр дахь гавьяат
2019-07-08

 

 Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.

 

 Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

 

 

Ахлах дэслэгч Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан долоо дахь гавьяат  буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат болж байна.

 

Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

 

Түүнчлэн “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр  автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон юм.  

 

Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэний амь насыг авран хамгаалсан зэрэг аврах ажиллагаануудад амжилттай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
сонгогч:
Баяр хүргэж байна. Манай онцгойнхон өөрсдийн хийсэн ажлыг их л дөвийлгөх юм даа.Ийм аргаар шагнал, төсөв хоёрыг аваад сурлаа даа. Одоо баяр болгоноор нэг гавьяат тодруулаад "гамшиг" болгоноор төсвөөс мөнгө аваад байх юм байна л даа Уг нь энэ байгууллагын хийх ёстой л ажил.
2019-07-09
сонгогч:
Баяр хүргэж байна. Манай онцгойнхон өөрсдийн хийсэн ажлыг их л дөвийлгөх юм даа.Ийм аргаар шагнал, төсөв хоёрыг аваад сурлаа даа. Одоо баяр болгоноор нэг гавьяат тодруулаад "гамшиг" болгоноор төсвөөс мөнгө аваад байх юм байна л даа Уг нь энэ байгууллагын хийх ёстой л ажил.
2019-07-09