Дэлхийн хамгийн үнэтэй пүүз MOON SHOE
2019-07-25

 

1970-аад оны эхээр үйлдвэрлэсэн Nike брэндийн гүйлтийн пүүз Sotheby's  дуудлага худалдаагаар 437 500 доллар буюу 1,146,250,000 төгрөгөөр худалдаалагджээ. 


Moon Shoe  гэх энэ пүүзийг 1972 оны Мюнхений Зуны олимпод оролцох гүйлтийн тамирчдад зориулан  Nike-ийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Бауэрман бүтээсэн байна.  Гагцхүү гар аргаар урласан энэ пүүзийг ердөө 12 хос үйлдвэрлэжээ. 


Энэ пүүзний хамгийн гол давуу тал нь гадаргуутай маш найдвартай барьцалдах тусгай зориулалтын ул гэнэ. 


Пүүзийг бүтээсэн Билл Баурман Орегон мужд гүйлтийн дасгалжуулагчаар ажиллаж байсан тул ямар гутал тамирчдад илүү тохиромжтой болохыг сайн мэддэг байсан аж. 


Энэ пүүзний дуудлага худалдааны анхны үнэ 160 мянга ам.доллар байсан бөгөөд гарааны үнийг бараг гурав дахин өсгөн, Канадын цуглуулагч Майлс Надаль худалдан авсан байна. 


Энэ нь дуудлага худалдаагаар орж байсан пүүзнүүд дундаас туйлын дээд амжилт тогтоосон үнэ юм. Өмнөх дээд амжилт хоёр жилийн өмнө SCP Auctions дуудлага худалдааны үеэр тогтоогдсон гэж ВВС мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 1984 оны Олимпийн шувтаргын тоглолтонд домогт Майкл Жорданы өмссөн Converse пүүз 190.3 мянган ам.доллараар худалдаалагдаж байжээ. 


Ийнхүү дээд амжилт тогтоосон үнээр худалдаалагдсан 1972 оны Nike нь Ultimate Sneaker Collection дуудлага худалдааны газрын цуглуулгад байсан 100 хос пүүзний сүүлчийнх нь юм байна. Өмнөх 99 хос пүүзийг Надаль өнгөрсөн долоо хоногт 850 мянган ам.доллараар худалдан авжээ. Ингэснээр Ultimate Sneaker Collection –ы бүх цуглуулга нэг худалдан авагчийн гарт очсон байна. 


Sotheby's дуудлага худалдааны газрын мэдээлснээр Майлс Надаль худалдан авсан цуглуулгаа Торонто дахь Dare to Dream Automobile Museum гэх хувийн музейдээ тавих гэнэ. Peerage Capital компанийг үүсгэн байгуулагч Майлс Надаль өмнө нь автомашины цуглуулагч гэдгээрээ алдартай байлаа. Түүний музейд 140 гаруй ховор машин тэр дундаа 1886 оны The Karl Benz Motorwagen байдгийн дээр мотоциклийн 40 ховор загвар  байдаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин