“Их амралт”-ын улиралтай давхацсан эцэг хуулийг өөрчлөх хэлэлцүүлэг
2019-07-29

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн бэлтгэл ажил үргэлжилж байна. УИХ-аас Ерөнхийлөгчөөс ахлуулсан зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдан, өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүлж, хуульч, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын саналыг сонслоо.

 

Д.Лүндээжанцан нарын УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулиар хоёр төслийг зэрэг хэлэлцэхийг хориглодог. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй холбогдуулан зөвшилцөх ажлын хэсэг байгуулж, санал хэлбэрээр танилцуулан, хэлэлцүүлж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, зөвхөн Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, Засгийн газрын бусад гишүүдийг “дан дээл”-тэй байлгах, Ерөнхий сайд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн бодлоготой нийцүүлэх үүднээс ҮАБЗ-ийн дэргэд харьяалагдах үндэсний хөгжлийн газраас хянуулах, байгалийн баялаг төрийн өмч гэснийг нийтийн өмч гэж өөрчлөх зэрэг шинэчлэлийн хэд хэдэн заалтыг тусгасан нь улс төр судлаачид төдийгүй олны анхаарлыг татаж байгаа.

 

Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслөөр Үндсэн хуулийн 28.5 хувьд өөрчлөлт оруулахаар тусгасан. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн давхардсан эсэхийг хасч, тооцоход Үндсэн хуулийн 41 хувьд өөрчлөлт орохоор байгаа юм. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд 35 хувь нь өөрчлөлт оруулвал нэмэлт өөрчлөлт, түүнээс дээш хувьд өөрчлөлт орвол шинэчилсэн найруулга болно гэж заасан.

 

Үүнд дээр өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцүүлгийн үеэр улс төрийн 14 нам саналаа хүргүүлсэн. Дээр УИХ дахь сөрөг хүчин АН-аас өөрсдийн саналаа хүргүүлэхээр байгаа. Ингээд тооцохооор Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт шинэчилсэн хэмжээнд хүрэхээр саналыг талууд гаргаж байгаа ч хууль тогтоогчид нэмэлт өөрчлөлт оруулах хувьд “барих” байр сууриа илэрхийлж байгаа юм.

 

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид идэвхтэй оролцсон гэж болно. Хэлэлцүүлгийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байхад энэ боломж бүрдэнэ. Дээр нь амласнаа хэрэгжүүлээд явах боломжтой. Харин  улс төрийн  намууд өрсөлдөж, парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх нь зүйтэй. Засгийн газар, УИХ хоёр хоорондоо огт холбоогүй, бие биедээ хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах бололцоо бүрдэнэ. УИХ-ын гишүүдийн тоог 55 болгох нь зүйтэй. Ингэхдээ хоёр танхимтай  парламент байхыг зөв гэж бодож байна. Байгалийн баялгийн тухайд ард түмний дундын өмч байхаар хуульчлах хэрэгтэй” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ж.Сүхбаатар “Гишүүдийн тоо 99 байх нь зүйтэй. Төлөөллийн тоо олон байх тусмаа зөв”  гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн санал парламентаар дэмжигдэх магадлал туйлын өндөр байгаа. Учир нь УИХ өөрөө бүрэн эрхээ нэмэгдүүлэх заалтыг тусгах нь хуулиараа хориотой. Харин Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төслөөр олонхийн санал авбал хэрэгжих бололцоотой. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр  дэмжигдэн батлагдсанаар энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийг эхлүүлэхээр тусгасан байна лээ. Харин нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслөөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдсан ч энэ парламент бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараагаар хэрэгжихээр тусгасан байсан.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг Монгол орны их амралтын улиралтай давхцан үргэлжилж байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол хүний ёс жудаг, хүн чанар алдагдаж, авилга хээл хахуульд идэгдэж, зөв нь буруудаж, буруу нь зөвддөг, худал нь үнэн болж үнэн нь худал болдог, төр нь дампуурч, хууль журам нь бүдгэрч, монгол хөгжиж дэвжихгүй ард түмэн нь ядууралд орж, гадаад орон руу хушуурч байгаагийн гол үндэс 1990 оны үндсэн хуулиар хариуцлагын тогтолцоог бүр мөсөн байхгүй болгсонтой шууд холбоотой. Үүнийг л үндсэн хуулийнхаа өөрчлөлтөд бүрэн хэмжээгээр оруулбал Монгол эх орон минь хөгжил дэвшлийн замдаа шуудрана даа
2019-07-30
Бямбацогт ҮХ өөрчилнэ гэж юу байхав:
Нэг аж ахуйн нэгжийн захирал л байх хүн УИХ-ын гишүүн ТББХ дарга хийхээр Монголын Төрийг дампуурсан гэхээс өөр юу гэхэв ??????????
2019-07-29