WSJ: 9/11-ний алан хядлагын гол буруутан тохиролцоход бэлэн 
2019-07-30

2001 оны 09 дүгээр сарын 11-нд АНУ-д болсон алан хядах ажиллагааны хэргийн гол буруутан гэгддэг Халид Шейх Мохаммед тохиролцоход бэлэн байгаа талаар The Wall Street Journal мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр Саудын Арабын эсрэг шүүхийн нэхэмжлэлд алан хядах ажиллагааны улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд туслахад бэлэн байгаа гэнэ. Харин үүний оронд АНУ түүнийг цаазаар авахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. 


Мөн энэ шаардлагыг хүлээн авбал “илүү өргөн хүрээтэйгээр хамтран ажиллана” гэж тэрбээр амласан байна. 


Энд дуулгахад, одоогоос 18 жилийн өмнө болсон алан хядах ажиллагааны улмаас амиа алдагсдын ар гэрийнхэн Саудын Арабыг алан хядагчдыг дэмждэг гэж буруутгадаг ч тус улсын Засгийн газар үүнийг няцаадаг юм. Хохирогчдын ар гэр шүүхээр Саудын Арабын гэм бурууг нотлохоор хичээж байгаа бөгөөд үүний тулд алан хядах ажиллагаанд буруутай таван хүний гурваас нь мэдүүлэг авахыг хохирогчдын ар гэрийнхэн шаардаж байгаа. 


Дээр өгүүлсэн Халид Шейх Мохаммед нь 2001 оны 09 дүгээр сарын 11-ний халдлагатай холбоотойгоор Гуантанамод болсон шүүх хурлын үеэр гол буруутан гэж тогтоогдсон. 2003 онд Пакистанд явуулсан тусгай ажиллагааны үеэр түүнийг баривчлан, Тагнуулын төв газрын нууц шоронгуудын нэгд 3,5 жил хорьж, хэрцгий аргаар байцааж байсан гэх бөгөөд 2006 онд Гуантанамо руу шилжүүлжээ. 


Эргэн сануулахад, одоогоос 18 жилийн өмнө 2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-д шинэ үеийн түүхэн дэх хамгийн том алан хядах ажиллагаа болсон юм. Энэ өдөр  Аль-Каида бүлэглэлийн алан хядагчид дөрвөн  онгоц барьцаалан, хоёр нь  Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн цамхагийг мөргөсөн бол гурав дахь нь Пентагоны барилга дээр унаж, өөр нэг онгоц нь Пенсильвани мужийн Шэнксвиль хот орчимд сүйрсэн.  Алан хядах ажиллагааны улмаас 2976 хүн амиа алдаж, 4 000 хүн шархадсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэрэг хуучирдаггүй гэж.
2019-08-02