Хөвсгөлд гарсан ослын буруутан тогтоогдоогүй, хэргийг шалгаж байна
2019-07-31

Хөвсгөл аймагт хоёр автомашин мөргөлдөж 29 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тодруулбал 2019.07.14-ний өдрийн 17.57 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 20км-т/ амины Honda Cross road маркийн  автомашины жолооч Х нь Toyota Prius О жолоочтой автомашинтай мөргөлдсөн. Ослын улмаас зорчигч 29 настай, эмэгтэй Х нас барсан.

 

Энэ ослын тухай сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилчид мэдээ, сурвалжлага бэлтгэсэн. Гэтэл хэрэг шалгагдаж ослын буруутан тогтоогдоогүй байхад нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээлэл түгээсэн гэх гомдол ТЦА-нд иржээ.

 

Иймд ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал өнөөдөр /2019.07.31/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хоёр автомашин мөргөлдсөн энэ ослын улмаас нэг хүн нас барж, гурван хүүхэд, хоёр том хүн гэмтсэн. Хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ хэрэг шийдэгдсэн мэтээр мэдээ цацагдсан байна. Хэрэг шалгагдаад эхэлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Аль нэг талын буруу тогтоогдоогүй байгаа. Иргэд жолооч нарт осол хэргийн хор хөнөөл, хичнээн хагацал гуниг дагуулдаг вэ гэдгийг харуулах үүднээс бэлтгэсэн мэдээлэл, сурвалжлага цацагдсан байна. Гэвч энэ нь хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалтад нөлөөлөх санаа зорилготой биш гэдгийг онцолмоор байна. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэлээ.

 

Ослын улмаас бэртэж гэмтсэн нэг иргэн өнгөрөгч даваа гарагт эмнэлгээс гарчээ. Харин "Honda Cross road" маркийн автомашинд зорчиж явсан гурван хүүхдийн хоёр нь хүнд гэмтэл авсан бөгөөд тэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Урьдчилсан байдлаар осол болох үед хоёр автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон байна. "Тоёото приус" маркийн автомашины жолооч О урсгал сөрсөн жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан осол гарсан гэдэг мэдээллийг өгсөн. Гэвч энэ нь албан бус мэдээлэл учраас хэрэг бүрэн шалгагдаж дууссаны дараа хэргийн талаарх мэдээллийг эргэн хүргэнэ гэдгийг хошууч Б.Лхагважаргал хэллээ.

 

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол ихээр гардаг "хар цэг"-ийн судалгаа гаргадаг. Осол гарсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уг нутаг дэвсгэрт осол нэлээдгүй гардаг бөгөөд хар цэгийн судалгаанд хамрагдсан газар байжээ. Уг цэгт сэрэмжлүүлэх самбарыг тодорхой зайнд байршуулсан болохыг ТЦА-наас мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
өбөа:
Юун удаан шалгадгын. Энэ цагдаа нар нээрээ үнэн бүтэхгүйээ.
2019-07-31
Буруу жолоотой машинаа хориглохгүй бол олон л хүн талийгаач болж байна даа. Энэ ослын буруутан ер нь бол төр засаг юм, зүүн жолооны дүрэмтэй байж, баруун жолоотой машиныг хэн явуулаад байгаа билээ. Энэ чинь л осол болох гол нөхцөл мөнөөс мөн. Хувь хүний хүчин зүйл байгаа л байх, гол буруугий нь төр хийчихээд иргэнийг буруутгах нь ариун явдал уу
2019-07-31