Порошенкогийн эсрэг дахин шинэ хэрэг үүсгэжээ 
2019-08-02

 

Украины улсын мөрдөн байцаах товчоо тус улсын төрийн тэргүүн асан Петр Порошенкогийн эсрэг шинэ хэрэг үүсгэсэн талаар Риа новости мэдээллээ. 


Энэ удаад түүнийг армийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Түүнчлэн энэ хэрэгт Украины Үндэсний банкны захирлаар ажиллаж байсан  Валерий Гонтарев болон “Укроборонпром” , Укрэксибанкны албан тушаалтнууд шалгагдах гэнэ. 


Порошенко болон түүний хамсаатнууд гэмт хэргийн бүлэглэл байгуулж, “Украины батлан хамгаалах чадамж болон үндэсний аюулгүй байдалд хохирол учирна гэдгийг мэдсээр байж “Укробронпром” концерноос олон саяар хэмжигдэх валютыг офшор данс руу болон хуурамч гэрээгээр бусад данс руу шилжүүлсэн” гэж мөрдөн байцаах товчоо үзэж байгаа юм байна. 


Ингэснээр Украины армиас хэдэн тэрбум гривенийг шамшигдуулсан бөгөөд энэ хэрэгт хамааралтай, одоо Их Британид байгаа Гонтаревыг шилжүүлэн авчирж, Порошенкогийн халдашгүй байдлыг дуусгавар болгон, хоёуланг нь хорьж байцаах санал гарчээ. 


Порошенкогийн өмнөх хэргүүд 


Петр Порошенко өмнө нь 11 эрүүгийн хэрэгт татагдсан юм. Тэр дундаа “Центрэнерго”-ийн албан тушаалуудыг хуваарилахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, Керченскийн цутгаланд болсон хэрэгтэй холбоотойгоор улсаасаа урвасан, шүүх эрх мэдлийг хуульб усаар гартаа авсан, “Прямой” телевизийг хууль бусаар эзэмшсэн, 2016 онд гишүүдийн фракц бүрдүүлэхдээ хуурамч бичиг баримт ашигласан, Засгийн газрын томилгоог хууль бусаар хийсэн түүнчлэн эрх мэдэл булаан авсан гэсэн хэргүүдээр түүнийг буруутгаж байгаа аж. 


Түүнчлэн 2014 онд Украинд болсон Евромайдан эмх замбараагүй байдлын үеэр энгийн иргэд амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Порошенког гэрчээр дуудан байцаалт авчээ. 


Харин Порошенко өөрөө “Европейские дела” намын хурал дээр мэдэгдэл хийхдээ Украины ард түмний өмнө хариуцлага хүлээж байгаагийн дээр мөрдөн шалгуулахаас айхгүй хэмээн онцолж байв. 


Дашрамд дуулгахад, долоодугаар сарын 29-нд гарсан мэдээллээр, Украины төрийн тэргүүн асан Порошенко төрийн хамгаалалтаас тодорхойгүй хугацаагаар татгалзан, гэр бүлийн хамт Стамбулыг зорьсон гэнэ. Тэндээсээ тэрбээр Дубай руу ниссэн гэх бөгөөд одоо түүнийг чухам хаана байгаа нь тодорхойгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Товчхон: Петр Порошенко 1965 онд Украинд төрсөн. 2014 онд Украинд өөрчлөлт шинэчлэлт гарч, Евромайдан нэртэй болсон эсэргүүцлийн давалгаан, иргэний дайнд дөхсөн үйл явдлын дараа Украины Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Эдийн засагч хуульч мэргэжилтэй. 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Хёхоха:
Шал модон орчуулга
2019-08-02