Монгол морьдыг дэлхийд сурталчлах "Аравт" уралдаан маргааш эхэлнэ
2019-08-02
Гэрэл зургийг MPA.mn

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Армейские игры-2019” цэргийн мэргэжлийн олон төрөлтийн олон улсын тэмцээн дэлхийн 10 улсын нутагт дэвсгэрт маргааш /2019.08.03/ нээлтээ хийнэ. Цэргийн наадамд Азербайджан, Алжир, Бангладеш, Беларусь, Египет, ОХУ,  Монгол Улс, БНХАУ зэрэг 34 улсын 216 багийн 6000 гаруй цэргийн Тэмцээний нэгэн төрөл болох “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг манай улс эх орондоо зохиохоор болсон.

 

Энэ талаар өнөөдөр /2019.08.02/ "Аравт" уралдааны зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, тус хорооны орлогч дарга, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов болон Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

Олон улсын цэргийн наадам анх 2015 онд ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд С.Шойгугын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн. Жил ирэх тусам олон улсын цэргийн наадмын нэр хүнд ач холбогдол, оролцогч орнуудын тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр байгааг онцоллоо. Энэ жилийн олон улсын цэргийн наадамд дэлхийн 10 орны нутаг дэвсгэрт  36 орны 220 гаруй  багийн  6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад  байна.

 

Тав дахь удаагийн олон улсын “Цэргийн наадам”-д манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэн өрсөлдөх юм. 

 

Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд  оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, "Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна.

 

"Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд нийт найман орон оролцож байгаагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол Улс, Оросын Холбооны Улс оролцогч, АНУ, БНХАУ, Зимбабве, Вьетнам улс ажиглагчаар оролцоно. ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминоор ахлуулсан хүндэт төлөөлөгчид тэмцээн уралдааныг үзэж сонирхохоор манай улсад ирээд байна.

 

"Аравт" уралдаан бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдана. Алсын зайн морин марш нь Төв аймгийн хэд хэдэн сумдыг дамжин уул хад, гол ус, элс хайрга гэх зэрэг байгалын хүндрүүлсэн нөхцөлд усан саад гатлах, морин дээрээс гранат шидэх зэрэг тусгайлан төхөөрөмжилсөн цэгүүдэд өгөгдсөн даалгаварыг гүйцэтгэн 130 км зайг туулах юм.

 

Уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд зүс ижилссэн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргаж морьдыг сонгох ажлыг зохион байгуулсан.

 

Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэжээ. Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан байна. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор болжээ.

 

Уралдааны  үндсэн бэлтгэл сургуулийн зэрэгцээ тамирчдын амралт чөлөөт цагуудаар Монгол үндэсний үндэсний соёл,  ёс заншил, өв уламжлалаа сурталчлан таниулах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг  бэхжүүлэх амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарал хандуулан “Бэсрэг наадам”, “Адуучин” өдөрлөг, Улаанбаатар хоттой танилцах аялал болон соёл урлаг, спортын бусад арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин