Москва дахь эсэргүүцэл: 828 хүн баривчлагджээ 
2019-08-05

 

Наймдугаар сарын гуравны өдөр Оросын нийслэл Москва хотод Москвагийн төрийн думын сонгуульд бие даагч гишүүдийг бүртгэхгүй байгааг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал болжээ.


Хоёр дахь удаагаа болсон эсэргүүцлийн жагсаалыг зогсоохын тулд нийслэлийн эрх баригчид  бүхий л арга хэмжээг авсан бөгөөд өмнө нь болсон жагсаалын зохион байгуулагчдыг баривчлах, торгох, бямба гаригийн эсэргүүцэлд нэгдэх хүмүүст хатуу шийтгэл ноогдуулна хэмээн зарлаж, харин эсэргүүцлийн жагсаал болох бүс дэх бүхий л байгууллагуудыг наймдугаар сарын гуравны өдөр ажиллахгүй байхыг зөвлөсөн байна. 


Бямба гаригийн эсэргүүцлийн ажиллагааг Москвагийн төрийн думын сонгуульд бүртгээгүй нэр дэвшигчдийн бүлэг болон Оросын Либертари нам зохион байгуулжээ. 


Цагдаагийнхан хүч хэрэглэж, эрх баригчид анхаарлыг өөр тийш хандуулахыг оролджээ


Эх сурвалжуудын мэдээлснээр хууль бус жагсаал зохион байгуулсан гэх шалтгаанаар жагсагчдыг олноор нь баривчилсан байна.

Москва хотын Дотоод хэргийн газар мэдээлэхдээ мянга гаруй хүн оролцсон жагсаалын үеэр 600 хүн баривчилсан гэж мэдээлсэн бол “ОВД-ИНФО” хүний эрхийг хамгаалах чиглэлээр мэдээлэл бэлтгэдэг сайтын мэдээллээр 828 хүн баривчлагджээ. 


Хүмүүсийг ихэвчлэн Трубная болон Пушкины талбай, Арбатаас баривчилсан бөгөөд хүмүүсийг баривчлах үеэр хүч хэрэглэн, зодсон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. 


Ням гаригийн өглөө захиргааны хэрэг зөрчлийн протокол үйлдсний дараа баривчлагдсан хүмүүсийн ихэнхийг цагдаагийн хэсгүүдээс сулласан бөгөөд  19 хүнийг саатуулсан хэвээр үлдээжээ. Энд дуулгахад, бие даагчдыг сонгуульд бүртгээгүйг эсэргүүцсэн жагсаал  сар орчим хугацаанд үргэлжилж байгаа юм.

Тодруулбал Оросын алдарт сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный болон Дмитрий Гудков нарын дэмжигчдийг бараг бүгдийг нь, “Яблоко” намын төлөөлөгчид болон бусад идэвхитнүүдийг нэр дэвших баримт бичгийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар бүртгээгүй юм. Улмаар энэ явдлаас хойш эсэргүүцлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж эхлэсэн бөгөөд хамгийн том, зөвшөөрөлгүй жагсаал долоодугаар сарын 27-нд Москва хотод болсон. Энэ жагсаалын дараа 1300 гаруй хүн баривчлагдсны дээр “олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал” гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, энэ хэрэгт сэжиглэн зургаан хүнийг хорьсон юм.


Одоогоор бараг бүхий л нэр дэвшигчид саатуулагдсан байгаа аж. Наймдугаар сарын гуравны өдрийн жагсаал нь “зугаалга” маягаар өрнөсөн гэж эх сувалжууд мэдээлсэн байна. Жагсагчид уриа, лоозон , зурагт хуудас барин Арбатын гудамжаар алхжээ. Энэ удаад жагсагчид өмнөх жагсаалд оролцсноос бага харин цагдаа болон Росгвардынхан их байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Цагдаагийнхан Москва хотын төвийн хэд хэдэн гудамжуудыг хаасан бол энэ үеэр гар утасны сүлжээ тасалдсан гэсэн гомдол олон гарч байсан гэнэ. 


Оросын телевизүүд энэ үеэр Москва хотын дарга Сергей Собянины мэдэгдлийг дамжуулж байсан бөгөөд тэрбээр эсэргүүцлийн жагсаалын зохион байгуулагчид “эмх замбараагүй байдал” үүсгэхээр оролдож байна хэмээн онцолжээ. 


Түүнчлэн Москвагийн эрх баригчид жагсаалын цаг өдөртэй давхацуулан “Шашлык Live” хөгжмийн фестиваль зохион байгуулсан байна. Албан ёсны мэдээллээр энэ наадамд 90 мянга гаруй хүн оролцсон бөгөөд харин зарим уран бүтээлчид эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэдийн анхаарлыг өөр тийш нь хандуулах зорилгоор хөгжмийн наадам зохион байгуулсныг эсэргүүцэн, наадамд оролцохоос татгалзжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин