Ж.Мөнхжаргал: Миний урлан хүмүүст амьд харилцааг мэдрүүлнэ
2019-08-05

Өөрийн “Bee Art Gallery”-гаа нээж буй зураач Ж.Мөнхжаргалтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Тайванийн Тайжун хотын Да дун урлагийн 24 дэх үзэсгэлэнд дэд байрт шалгарсан билээ.

 

-Сайн байна уу? Урлагт хайртай уншигчдын сонирхлыг татсан урлан нээх гэж байгаад юуны өмнө баяр хүргэе. Уншигчдад өөрийн шинэхэн урлангийнхаа талаар танилцуулахгүй юу?

 

Сайн байна уу. Урлангаа 08 дугаар сарын 12-ны өдөр нээх гэж байна. Уран бүтээлч хүний хувьд өөрийн гэсэн урлангаа нээх гэж буйдаа туйлын баяртай байгаа. Энэхүү урлангаар дамжуулан зургийн дугуйлан хичээллүүлэхээс гадна өөрөө уран бүтээлээ урландаа гарган, номын сан, жижиг хэмжээний кафе, art shop ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Мөн заавал дугуйланд суух биш, манай урлангаар зочлон надтай яриа өрнүүлэх бүрэн боломжтой. Би энэхүү урлангаараа хүмүүст мэдрэмжийг түгээж, амьд харилцааг эрхэмлэхийг илүүтэйгээр зорьж байгаа. Зургийн дугуйлангийн тухайд цөөхөн хүмүүстэй тулж ажиллах бодолтой байна.

 

 

-Таны “Сар дэлхийг зүүдэлж хоносон шөнө” хэмээх бүтээл Тайванийн урлагийн үзэсгэлэнд дэд байрт шалгарсан. Энэхүү бүтээлээ хэр хугацаанд туурвисан бэ?

 

Анх энэ бүтээлээ 2018 онд “Зөгийн нүүдэл” үзэсгэлэнд зориулж хоёр сар гаруйн хугацаанд зурж дуусгасан. Үүнээс жил орчмын дараа Да Дун олон улсын үзэсгэлэнгийн зарыг хараад оролцохоор шийдэж, бүтээлээ явуулсан.

 

 

-Тус үзэсгэлэнд анх удаа Монгол уран бүтээлч шагналт байранд орж байгаа шүү дээ. Та тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

 

Мэдээж үгээр илэрхийлэмгүй сайхан байсан. Да Дун урлагийн үзэсгэлэн 11 дүгээр сард болдог ч наана нь бүтээлээ шалгаруулчихдаг. 11 дүгээр сард өөрийн биеэр Тайваньд очиж шагналаа гардаж авна.

 

-Та өөрийн уран бүтээлдээ ямар хэв шинж, сэдэл санаа агуулахыг зорьдог вэ?

 

Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн. Тийм учраас мэдээж Ази дорнын, уламжлалт маневр байгаа. Зураг бол үг, үйлдлээр илэрхийлж болохгүй зүйлсийг дүрсэлж гаргадаг шүү дээ. Ерөнхийдөө миний зургийн сэдэл бол наана байдаг гоё сайхан өнгөт зүйлсийг биш түүний цаана байгаа зүйлсийг л илэрхийлэхийг зорьдог. Жишээ нь, Муу зүйл зурлаа гэхэд энэ зүйл яагаад муу болсон, анх гарахдаа сайн байж байгаад ямар зам туулаад ийм болов гэдэг ч юм уу, эсэргүүцэл, эмзэглэл дээр шууд байгаагаар нь бус дотоод зүйлийг илэрхийлдэг. Гэхдээ тухайн үзэсгэлэнгийнхээ агуулгаас хамаараад өөр өөр сэдэвтэй байх тохиолдол ч бий. Ер нь миний сүүлийн 3 жилд зурсан зургууд ихэвчлэн нийгмийн шүүмжит талыг ёжтойгоор ч юм уу бэлгэдлийн чанартайгаар илэрхийлсэн бүтээлүүд байгаа. Би гоё сайхан дүрсийг авахаас илүүтэй бэлгэдлийн дүрсүүдийг авч хэрэглэх дуртай. Яагаад энэ зурганд байгаа юм бэ гэдэг нь давхар шалтгаантай, утга санаатай байхаар бэлгэдэж хийдэг.

 

-Урын сандаа хичнээн бүтээлтэй вэ. Хамгийн урт хугацаа зарцуулсанямар бүтээл байдаг вэ?

 

Яг тэд гээд тоймтой тоо хэлж мэдэхгүй юм байна. Ямар ч байсан 100 гаруй бүтээл байгаа байх. Би өөрөө зургийг удаан зурах, ер нь аливаа зүйлийг удаан нуршиж хийх дургүй. Удах тусмаа хийж буй зүйлээсээ залхах маягтай болдог шүү дээ. Анх сэрж байсан сэдэл маань бага багаар багасдаг учраас удах тусмаа аюултай санагддаг. Тийм учраас хамгийн удаандаа 2-3 сар л зарцуулдаг.

 

-Та зургийнхаа сэдвийг хаанаас олж авдаг вэ?

 

Сэдэл төрөх юу байна тэр бүгдээс л олж авна. Кино үзэж байхдаа, алхаж байхдаа, дуу сонсож байхдаа, нийгмээсээ... Ер нь юуг ч сэдэв болгож болно. Хамгийн гол нь авсан сэдвээ яаж илэрхийлж гаргах нь л хамгийн чухал. Өөрийн бодож буй зүйлээ илэрхийлэх гаргалгаа гаргаж чадахгүй үедээ нэг зүйл үзээд эсвэл хэн нэгний ярианаас сонссон зүйлд яг гаргалгаа нь таарчих юм бол тэр сэдэл болно гэсэн үг. Тэрнээс биш санаа төрнө гээд л юм хайгаад гудамжаар алхана гэж байхгүй.

 

 

-Ер нь анх хэзээнээс урлагт дурлаж, уран зураг сонирхох болов?

 

Бага байхдаа зурдаг хүүхэд байсан л даа. Зарим хүмүүс тухайн зүйлээ хараад энэ л миний хийх ёстой зүйл гээд дурлаж хийдэг байх. Миний хувьд тийм байгаагүй л дээ. (инээв) Анх Дүрслэх урлагийн дээд сургуульд орохдоо заавал энэ, энэ л миний амьдрал гэж ороогүй. Мэдээж тодорхой хэмжээний зурах сонирхолтой байсан. Тэгээд л сургуульдаа ороход айхтар сонирхолгүй, авьяасгүй байсан учраас шантрах тохиолдол их байсан. Ер нь урлаг гэдэг зүйл дутуу дулимаг явахад хэрэггүй зүйл юм байна хоёрын хооронд ингэж өөрийгөө хуурч явснаас өөр юм хийе гэж шийдэж байсан. Яагаад гэхээр би өөрөө тийм ч их хүсэж дурлаж ороогүй учраас яг хийж буй зүйлийнхээ ард гарч чадахгүй байсан л даа. Тэгж явсаар сургуулиа төгссөнийхөө дараа төрөл бүрийн ажил хийж үзсэн. Тогооч, гэрэл зураг, видео гэх мэт бүх зүйлээр оролдож үзсэний эцэст л өөрийн хийх ёстой зүйлээ мэдэрдэг юм билээ. Үнэхээр урлаг, уран бүтээл л миний хийх ёстой зүйл юм байна. Миний амьдрал тэр чигтээ л уран зурагтай холбогдчихсон юм байна гэж бодож байсан. Тэгээд зурж байх явцдаа л уран зурагт дурлаж эхэлсэн. Сүүлийн 4, 5 жилээс л өөрийгөө ямаар азаар дүрслэх урлагийг сонгосон юм бэ гэж их баярлаж байна даа.

 

-Ойрын хугацаанд өөрийн үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө бий юу?

 

2020 онд “Жингийн цуваа” хэмээх үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа.Тус  үзэсгэлэнгээрээ нийгмийн тогтолцоо, гажуудлыг илэрхийлэх бодолтой байна. Энэхүү тогтолцоо нь хэзээнээс гарсан, ардчилал гарснаар юу үүссэн гэх мэт асуудлыг хөндөнө. Ер нь манай нийгэмд зургийн сэдэв бол хэдэн мянгаараа байдаг. Яагаад гэхээр бид нарт маш олон асуудал байна, асуудал байна аа гэдэг чинь тэр чигтээ сэдэв санаа байгаа гэсэн үг. Гол нь тэр бүгдийг яаж илэрхийлэх, хэрхэн урлагтай ойртуулж бодож боловсруулах вэ гэдэг л хамгийн чухал.

 

 

-Анхны бүтээл гэдэг хүнд мартагддаггүй шүү дээ. Таны анхны зураг?

 

Бараг 10-аад жилийн өмнө найзтайгаа урлан түрээслэдэг байсан юм. Тэгээд нэг үзэсгэлэнд зориулж зураг зурах гэтэл нөгөө зураг маань ерөөсөө болж өгдөггүй. Зургаа арчаад л байсан чинь зураг маань замхраад санамсаргүйгээр их аятайхан болчихсон. Зарим нэг зүйлийг нь засаж янзлаад л Дөрвөн улиралтай зургаа зурж дуусгасан. Тэр зураг минь надад маш их таалагдаж байсан. Яг тэр зургаас л надад маш их өөрчлөлт гарсан юм болов уу гэж боддог. Зургийн арга барил, юмыг харах өнцөг гэх мэт. Дөрвөн улирал зургаа анхны удаа зараад, урлангийн түрээсээ төлж байсан тэр үе минь ерөөсөө мартагддаггүй юм. 

 

-Танд зарахыг хүсдэггүй зураг байдаг уу?

 

Тийм зураг байхгүй ээ (инээв). Би ер нь юуг зарах вэ гэдгийг биш хэнд зарах вэ гэдгийг их чухалчилдаг.  Миний зургийг чин сэтгэлээсээ мэдрээд, тухайн хүнд маш их таалагдвал би өөрийн бүтээлээ тухайн хүнд өгөхдөө үнэхээр баяртай байдаг. Зарим хүмүүс зүгээр л хоорондоо өрсөлдөх гэж зураг цуглуулдаг л даа. Миний зурсан зургаас юу ч мэдрээгүй, ойлгоогүй байж хэдэн сая төгрөг амалсан ч тэр хүнд бүтээлээ өгөхийг хүсэхгүй. Яагаад гэхээр тухайн зургийг зурахын тулд би маш их хөдөлмөрлөсөн, бодсон, сэтгэсэн, өлссөн, ядарсан, баярласан гээд л миний бүх энерги тухайн зурганд шингэсэн учир зүгээр л мөнгөөр үнэлэх нь надад маш утгагүй санагддаг.

 

-Уран бүтээлээ туурвиж байхдаа хэрхэн төвлөрдөг вэ?

 

Би олон хүмүүсийн дунд байхдаа тийм ч сайн төвлөрч чаддаггүй. Бас таг чимээгүй орчинд ч төвлөрдөггүй. Ер нь хөгжим сонсож маш сайн төвлөрдөг. Хөгжим сонсоод ямар нэгэн шуум явагдаж байдаг болохоор ч тэр юм уу хөгжим сонсож зургаа зурах дуртай.

 

-Зураг зурахаас өөр авьяас бий юу?

 

Би давхар тогооч мэргэжлээр төгссөн. Тийм болохоор хоол сайн хийдэг гэж хэлж болно. Хажуугаар нь гэрэл зураг авах гээд өөр авьяасууд бий.

 

-Таны цаашдын зорилго?

 

Цаашдын зорилго бол сайн уран бүтээл хийх. Ер нь уран бүтээлээрээ амьдарч чадаж байвал маш сонирхолтой шүү дээ. Мөн уран бүтээлч хүний үүрэг бол сайн уран бүтээл хийхээс гадна нийгмийн гэрэл болох хэрэгтэй гэж боддог.

 

-Ярилцсанд баярлалаа.

А.Хулан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Suisiin hoino Mongoliin zohiolchdiin evleliin hajuuuhand
2019-08-10
gallery n hna yum be
2019-08-06
zochin:
Suisiin hoino Mongoliin zohiolchdiin evleliin hajuuuhand
Uuruu 1 shirheg zurag zurj uzsen uu? Yu ch hiihgui delgetsnii tsaanaas muulah neg uur, hiij buteegeed teriigee olon niiteer uneluuleh, hiisen zuileesee taashaal avah bas uur sh dee. Uuruu yag yu hiij buteedeg hun be?
2019-08-05
zochin:
zaa uuchlaarai zuraach zaluu mini ee jaahan 20zuuntai niilj setgeech bur mgl zuraachdaas zalhsan bugd neg zuil setgedeg durak uud ... zurdag zuil n uher mal burhan uul tengrees uur zuil bdgui yum ⁉️ setgeh.n uher shinjtei naad ymar yaj uurchlugdduj unuu ued mgl niigem ymar ungutei bna geed ... zaluu hun bj setgej chadahguin gunig yum aa avyas bdgui zurdag zuil uul mal.s uur tolgoin gaththan amid yu yu genuu yumiin tom hurtei setgej uz mgl zuraachid bugd ijelhen er em hugchin zaluugui 1zuild barigdsan sulii sonirhooch bsan mun adil mor mal aa zuraad suuj bga biz
2019-08-05
Uuruu 1 shirheg zurag zurj uzsen uu? Yu ch hiihgui delgetsnii tsaanaas muulah neg uur, hiij buteegeed teriigee olon niiteer uneluuleh, hiisen zuileesee taashaal avah bas uur sh dee. Uuruu yag yu hiij buteedeg hun be?