БНАСАУ-д байсан гадаадын иргэдийг АНУ руу нэвтрүүлэх журмыг чангатгана  
2019-08-06

АНУ 2011 оны гуравдугаар сараас хойш БНАСАУ-д очсон гадаадын иргэдийг улс орон руугаа нэвтрүүлэхэд хязгаарлалт тавьж байгаа гэнэ. Энэ талаар Америкийн талаас авсан эх сурвалжтайгаар БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлснийг Ёнхап агентлаг дамжууллаа. 


Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгост очиж байсан Өмнөд Солонгосын иргэд наймдугаар сарын зургаанаас эхлэн АНУ руу визгүй зорчих горимын дагуу нэвтрэх боломжгүй болох бөгөөд зайлшгүй виз мэдүүлэх шаардлагатай болох аж. Мөн энэ журам бусад гадаадын иргэдэд ч хамаатай аж. 


“Энэ нь АНУ руу нэвтрэхийг хориглож байгаа гэсэн үг биш. Хүсэлт гаргагч  нь АНУ руу нэвтэрч болно, гэхдээ үүнээс өмнө консулын хэлтэст биечлэн очиж, ярилцлаганд орсны дараа визтэйгээр АНУ руу зорчих боломжтой” гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. 


БНСУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, 2011 оны гуравдугаар сараас хойш Хойд Солонгост дор хаяж нэг удаа очсон 37 мянга орчим иргэн БНСУ-д байгаа гэнэ. 


Энд дуулгахад, БНСУ болон АНУ –ын хооронд 90 хоногийн хугацаанд визгүй зорчих  журам үйлчилдэг бөгөөд харин дээрх шийдвэр гарснаас Өмнөд Солонгосын иргэд өмнө нь Хойд Солонгост очиж байсан бол зайлшгүй виз мэдүүлэх шаардлагатай болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин