Засгийн онгоцыг хувьдаа ашигласан спикер огцрохоор шийджээ 
8-9

 

Польшийн Парламентын доод танхимын дарга Марек Кухчиньский Засгийн газрын онгоц болон нисдэг тэргийн гэр бүлийнхэнтэйгээ аялахдаа ашигласан нь ихээхэн шуугиан тарьж, олон нийтийн зүгээс дарамт ихээр ирсэн  тул огцрох болсноо мэдэгджээ. 


Энэ талаар тэрбээр Польшийн эрх баригч “Хууль ба шударга ёс” намын дарга рослав Качиньскийтэй хамт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. 


“Би маргааш (наймдугаар сарын 09) доод танхимын даргын албан тушаалаас татгалзах гэж байгаагаа мэдэгдэж байна” хэмээгээд энэ албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчөөгүй, харин онгоц ашигласан нь албаны үйл ажиллагаатай холбоотой байсан хэмээн мэдэгдсэн байна. 


Түүнчлэн Качиньский “Спикер хууль зөрчөөөгүй” гэж онцолсон ч “улс даяар өөр бодолтой байгаа бол” эрх баригч нам түүнийг нь сонсох ёстой хэмээн цохон тэмдэглэжээ. 


Доод танхимын дарга Польшийн өмнөд хэсэгт байх өөрийн төрсөн нутагт гэр бүлээрээ айлчлахдаа засгийн газрын агаарын тээврийг ашигласан нь өнгөрсөн сард олонд ил болж, улмаар ихээхэн дуулианыг дагуулсан юм.  Тухайн үед тэрбээр ихэвчлэн амралтын болон баярын өдрүүдэд онгоц хувьдаа ашигласан байна.


Анхандаа Кухчиньский 23 удаа ниссэн гэж хүлээн зөвшөөрсөн ч хожим нь нийтдээ 100 орчим нислэг үйлдсэн гэдэг нь тодорхой болжээ. Үүний дараа олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан тул тэрбээр 4000 ам.доллар нөхөн төлбөр болгон төлсөн ч  сөрөг хүчнийхэн үүнийг хангалттай гэж үзээгүй бөгөөд нислэгүүдийн нийт зардал олон саяар хэмжигдэнэ хэмээн мэдэгдэж байлаа.


Улмаар, энэ хэрэг мандсанаас хойш Засгийн газар энэ төрлийн асуудлыг зохицуулах нэмэлт өөрчлөлтүүдийг Польшийн хууль тогтоомжид оруулахаар болсон тухай мягмар гаригт тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Петр Мюллер мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, цаашдаа албан тушаалтны гэр бүлийн гишүүд түүний аяллын үеэр дагалдан явахдаа албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтахгүй бөгөөд ийнхүү дагалдан явах зардлаа өөрсдөө гаргахаар журамлажээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
азгүй хүн юм даа монголд байсан бол албан тушаалд дэвшинэ шүү дээ.
2019-08-09