Эцэг хуулийн өөрчлөлтөөр “давхар дээл”-ийг бүрэн тайлах уу
2019-08-12
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ.  Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, сөрөг хүчин АН-ын санал, улс төрийн 14 намын шаардлага гээд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой  асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээс  гарсан саналыг ажлын хэсэг дэд хэсгүүд нэгтгэж байгаа.

 

Д.Лүндээжанцан нарын УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа,  гишүүдийн тоог хөндөөгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд парламентын өөрийн бүрэн эрхээ нэмэгдүүлэх нь хоритой. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд парламентын бүрэн эрхийг хугацааг таван жил, гишүүдийн тоог 108 болгох санал тусгагдсан. Сонгодог парламентын жишгийг харж дээрх хугацаа, тоог тогтоосныг Ерөнхийлөгч онцолж байгаа. Хэдийгээр парламент өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлж болохгүй ч дэмжээд явах хандлагатай харагдсан. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл гэх тайлбар дагалдаж, хуулийн зөрчил үүсэхгүй.

 

Парламентын хяналтыг сайжруулж хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс гишүүдэд хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байгаа. Тиймэ.эс ажлын хэсгийн зүгээс хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах саналыг төсөлдөө нэмж тусгахаар  дэмжигдсэнийг онцолж байгаа.

 

Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 55, зургаан жилээр нэг удаа сонгогдохоор тусгасан байлаа.  Энэ нь эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насны босго. Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшихэд харшилж, жендэрийн тэгш байдалд сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэл гарсан. Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхэд эмэгтэй гишүүдийн гаргасан саналаар Ерөнхийлөгч нэр дэвших насны босгыг 50 болгох  санал дэмжигдсан байна лээ.

 

Нөгөөтэйгүүр Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт олны анхаарлыг татаж байгаа. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдээс сонгохоос гадна танхимын дөрөв хүртэлтх гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг тусгасан.  Харин Ерөнхийлөгчийн төсөлд зөвхөн “Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байна. Бусад нь Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй” гэж заасан. Ажлын хэсгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн төсөл дэх заалт дэмжигджээ. Хэрвээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх заалт дэмжигдвэл “давхар дээл”-ийг бүрэн тайлахаар байгаа юм.  Ингэхдээ Ерөнхий сайдыг л УИХ томилж, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх юм.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой Ерөнхий сайд асан С.Баяр “Шинэ Засгийн газар  гарч ирэх бүртээ хоёр том зовлон үздэг. Нэг нь орон тоо цөөлөх, хоёр дахь нь "хүмүүсээ" байршуулах. Энэ хоёр хадны дундуур хохирол амсалгүй гарсан Засгийн газар үгүй. Асуудал тогтолцоондоо байгаа. Төрийн албыг улс төрийн сонгуулийн занганаас гаргаж чадвал Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том хожоо гарах учиртай, уг нь” хэмээн жиргэсэн байсан. Ер нь аль ч салбарт  “асуудал тогтолцоондоо байгаа” гэсэн үгийг хэлдэг. Тогтолцооны гажгийг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засагдах эсэх нь батлагдаад хэрэгжсэний дараагаар  харагдах биз. Төрийн албыг улс төрөөс ангид байлгана гэдэг ч сонгуулийн дараагаар “арын алба”-д зүтгэсэн эрхмүүд л төрийн албанд томилогдсоор ирсэн. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн албыг улс төрйин сонгуулийн занганаас гаргана гэж итгэх нэгэн байхгүй л болов уу. Учир нь сонгогдсон, томилогдсон эрхмүүд “хүн”-ээ төрийн албанд л байршуулдаг бичигдээгүй хууль үргэлжилсээр байгаа.

 

Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр улстөрийн намын удирдлагууд тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаа Үндсэн хуулийн өөрчлөлт бус шинэчилсэн хуулийг батлах хэрэгтэй гэсэн санал хэлж байсан. Учир нь нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслөөр Үндсэн хуулийн 28.5 хувьд өөрчлөлт орохоор байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг давхардлыг арилгавал одоогийн байдлаар Үндсэн хуулийн 41 хувьд өөрчлөлт орох тооцоо гарсан байна лээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмаар 35 хүртэл хувь нь нэмэлт өөрчлөлт, түүнээс дээш хувьд өөрчлөлт орвол шинэчилсэн найруулга гэж тооцогдох юм билээ. Гэхдээ эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг 35 хувьд нь барьж, нэмэлт өөрчлөлт оруулах зарчим баримталж байгаагаа хэлсэн.

 

 Энэчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг хуулийн дагуу тасралтгүй үргэлжилж байгаа юм. Энэ долоо хоногт  хэлэлцэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээс Ерөнхийлөгчийн төсөл болон улс төрийн намуудаас гаргасан санал хэр тусгагдах нь тодорхой болох юм.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
иргэдийн төлөөлөгчдийнасуудлыг ямар хуулиар зохицуулдаг юм бэ даврхар дээл чинь тэнд байна нийслэлийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс бүгд энд тэнд хүний ажил булааж дарганцар болдог нэг ёсондоо даргань нөгөөдүүлийгээ аргадаад тал засаад байгаа юм уу хаашаа юм утгагүй юм чинь иргэдийн төлөөлөгч гэдэгт байна шүү дээ
2019-08-12