Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд 
8-22


Одоогоос 33  жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том техникийн сүйрэл гарсан нь Чернобылийн АЦС-ын дэлбэрэлт байлаа.  Ослын улмаас 200 мянган км квадрат талбай бүхий нутаг дэвсгэр цөмийн хаягдлаар бохирдсон бол өдгөө АЦС-аас 30 км зайд ямар ч хүн амьдардаггүй юм. Харин энэ бүс нутагт сүүлийн 100 жилд ажиглагдаагүй хэмжээний ан амьтан суурьшсан талаар AdMe.ru мэдээллээ. 


Гуч гаруй жилийн өмнө хүний гараар сүйтгэгдсэн ч өдгөө байгаль эх өөрөө сэргээж байгаа энэ нутагт амьдардаг зарим амьтдын талаарх мэдээллийг хүргэж байна. Энд дуулгахад, Чернобылийн бүсэд эрдэм шинжилгээний ажил огт хийгдээгүй бөгөөд ажиглалтуудыг гагцхүү экологичид болон биологичид гэсэн идэвхитнүүд хийдэг аж. Тэд ихэвчлэн өөрсдийн зардлаар ажиглалт хийн, гэрэл зургийн аппарат суурилуулан мэдээлэл цуглуулдаг юм байна. 

 

Улбар шар ой бол дэлбэрэлтийн дараах хамгийн аймшигтай газар байсан гэгддэг бөгөөд өдгөө энэ ой ийм төрхтэй болжээ. 

 

1986 онд дэлбэрэлт болсны дараа нарсан ой цацрагийн ихэнх тунг өөртөө шингээн авсан байна. Үүний дүнд зарим мод үхсэн бол нөгөө хэсэг нь хүрэн улаан өнгөтэй болжээ. Одоо энэ ойг улбар шар ой гэх бөгөөд ой сэргэж эхлэжээ. 


ТАХЬ

1998 онд хязгаарлалтын бүсэд 20 тахь нутагшуулжээ. Өнөөдөр тоо толгой нь 100 хүрсэн байна. 

ШИЛҮҮС 


Энэ бүсийн гол махчин амьтан нь шилүүс. Чернобыльд зэвсэгтэй хүмүүс байхгүй тул  шилүүс юунаас ч айлгүй, үдшийн бүрийгээр биш харин өдөр чөлөөтэй ан хайн явдаг гэнэ. 


ЧОНО


1987 онд Чернобыльд гурван сүрэг чоно амьдардаг байсан бол одоо сүргийн тоо долоо болжээ. Сүрэг тус бүрд 10 чоно байх бөгөөд чоноууд хүний гараар бүтээгдсэн Припять хотын эвдэрхий гудамжуудаар ан хайн явдаг аж. 


НОХОЙ ИЛБЭНХ

 


Нохой илбэнхийг ЗХУ оршин тогтнож байх үед энэ бүс нутагт Алс Дорнодоос авчиржээ. Чернобылийн бүсэд эдгээр амьтанд амархан нутагшин, үржсэн гэнэ. 

ХАНДГАЙ БОЛОН БУХ ГӨРӨӨС  


  
Хандгай АЦС-ын эргэн тойрон бэлчих бөгөөд тэдгээрийн дайсан гэвэл энд ердөө чоно л бий. Харин бух гөрөөсийг Чернобыльд олон жилийн өмнө нутагшуулах гэсэн ч устсан гэж үзэж байлаа. Гэвч саяхан эрдэмтэд Чернобылийн бүсээс бух гөрөөснүүдийн мөр олсон бөгөөд Припятийн нутаг дэсгэрт эдгээр амьтад нутаглаж байгаа гэж дүгнэжээ. 


ЗЭРЛЭГ ГАХАЙ 

Хориотой бүсэд осол болсны дараах жилүүдэд зэрлэг гахайн тоо толгой эрс өссөн ч одоо цөөрсөн гэнэ. Чонон сүргийн хоол болон ийнхүү тоо толгой нь буурсан гэж биологичид үзэж байгаа юм байна. 


ҮНЭГ 


Чернобылийн үнэгнүүд хүмүүсээс айдаггүй, жуулчдын гараас хоол иддэг гэнэ. Түүгээр ч үл барам Припятийн Семена гэх нэртэй болсон үнэгэнд зориулан Фейсбүүк хуудас нээсэн бөгөөд энэ үнэг гэрэл зургийн аппарат барьсан хүмүүсийн өмнө “пооз авдаг”-ийн дээр амттанд ихэд дуртай аж. 


ХАЛИУ 


Усны халиу Европ даяар тархсан гэгддэг ч ОХУ-ын зарим мужуудад энэ амьтан улаан номонд оржээ. Харин Припятийн нутаг дэвсгэрт анчин байхгүй тул халиуны тоо толгой нэмэгдсээр байгаа гэнэ. 


ХҮРЭН БААВГАЙ

 


Хүрэн баавгай Чернобыль хотоос холгүйхэн байх орхигдсон зам гарч явахдаа дуранд өртжээ. Өмнө нь эрдэмтэд Чернобылийн бүсээс баавгай олох гэж удаан хайсан ч чадаагүй байсан бол ийнхүү дуранд өртөснөөр хориотой бүсэд хүрэн баавгай нутагшиж байгаа нь батлагдсан байна. 


АВАРГА ТОМ ЦУЛБУУРТ ЗАГАС  


Чернобылийн АЦС-ын хөргөгч цөөрөмд загас идээшдэг. Ослын дараа цөөрмийн экосистем асар их цацрагийн тун авсан бөгөөд тэр дундаа цурхай болон цулбуурт загас цацрагт ихээр өртжээ. Харин өнөөдөр цацрагийн бохирдол байгалийн жамаар багасч, эндэхийн цулбуурт загаснууд 1,5-2 метр урттай болтлоо өсдөг болсон гэнэ. Аварга цулбуурт загаснууд жуулчид болон станцын ажилтнууд талхаар хооллохыг хүлээн сэлдэг аж. 


Хаягдсан ноход 


Припятийн орчимд 300 орчим золбин нохой байдаг гэнэ. Эдгээр нь цөмийн сүйрлээс зугатсан хүмүүсийн орхин явсан амьтдын үр төл юм. Мэдээж хүмүүс тэднийг зориуд хаяагүй, амьтны үс ноос цацрагийг маш ихээр шингээдэг тул нүүлгэн шилжүүлэлтийн үеэр гэрийн тэжээмэл амьтдаа авч явахыг хориглосон байна. 
Өнөөдөр ноход зэрлэг нөхцөлд дасан зохицож амьдарч сурсан бөгөөд Америкийн “Цэвэр ирээдүй” буяны сан нохдод галзуу өвчний эсрэг тарилга хийдэг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
чанарын удирдлагын тогтолцоо iso 9001:2015 www.setsen.mn
2019-08-28
Zochin:
www.setsen.mn - чанарын удирдлагын стандарт iso 9001 сургалт явуулна
2019-08-25
ZOCHIN:
humuus nhgui bolvol baigal ingeed l uuruu sergeh bhdaa..
2019-08-22