Хонгконгийн эрх баригчид онц байдал тогтоохыг үгүйсгэхгүй байна 
2019-08-28

Хонгконгийн эрх баригчид эсэргүүцлийн хөлд дарагдсан хотод эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд хуулийн бүхий л гарц, тэр дундаа Онц байдлын үеэр авах арга хэмжээний тухай хуулийг баримтлахад бэлэн байгаа гэж South China Morning Post сонин мэдээллээ. 


“Цаашид эсэргүүцэл даамжирч, ямар үр дүнд хүрэхийг таамаглах аргагүй тул бид энэ шатанд аливаа боломжуудыг үгүйсгэхгүй байгаа” хэмээн Засгийн газрын эх сурвалж сонинд мэдээлсэн бөгөөд гэхдээ одоогоор онц байдал тогтоох хэмжээнд хүрээгүй учраас дээр дурьдсан хуулийн талаар хэлэлцээгүй хэмээн онцолжээ. 


Онц байдлын үеэр авах арга хэмжээний тухай хуулийг Английн колончлолын үед боловсруулж, 1999 онд нэмэлт өөрчлөлт оруулж байлаа. Хамгийн сүүлд энэ хуулийг 1967 оны эмх замбараагүй байдлын үеэр ашиглаж байсан аж. Энэхүү эрхзүйн баримт бичгийг нийгэмд аюул занал учруулсан онц байдал үүссэн нөхцөлд Хууль тогтоох зөвлөлтэй зөвшилцөхгүйгээр Хонгконгийн захиргааны тэргүүн ашиглах боломжтой юм. 


Энэ хуулийг ашигласнаар баривчилгаа хийх, нүүлгэн шилжүүлэх, тээврийн бүхий л зангилаанд хяналт тавих, өмч хөрөнгө хураах, эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулах зэрэг өргөн цар хүрээтэй бүрэн эрхийг Гүйцэтгэх засаглалын тэргүүнд олгох юм байна. 


Эргэн сануулахад, БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд болон эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ зургаадугаар сарын есний өдрөөс эхэлсэн. 


Олон нийтийн шахалтан дор Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хассан талаар мэдэгдсэн ч энэ нь олны эсэргүүцлийг зогсоогоогүй юм.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконгод дахин эмх замбараагүй байдал үүсч, цагдаа болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн гарч, цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд  нулимс асгаруулах хийнээс гадна анх удаа усан буутай тусгай машин ашиглан, галт зэвсгээр агаарт хий буудан сануулга өгч байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин