Есдүгээр сар дуустал Эрхүү-Улаанбаатарын чиглэлд нэмэлт галт тэрэг үйлчилнэ 
2019-09-02

Эрхүү-Улаанбаатарын чиглэлд зорчигчийн урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор 2019 оны есдүгээр сарыг дуустал нэмэлт галт тэрэгнүүдийг явуулна гэж Оросын Дорнод Сибирийн төмөр замын хэвлэлийн алба мэдээллээ. 


Энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд тасалгаат вагон тав, люкс зэрэглэлийн вагон нэг гэсэн зургаан вагоноос бүрдсэн галт тэрэг Эрхүү-Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан бол зуны улиралдп 11 вагон үйлчилж байгаа гэнэ. 


Үүн дээр нэмж вагон явуулах шийдвэр гаргасны шалтгаан нь есдүгээр сарын сүүл хүртэлх галт тэрэгний тасалбар хэдийнэ зарагдаж дууссантай холбоотой гэнэ. 


2019 он гарснаас хойш 17 мянган тасалбар зарагдснаас 11 мянган тасалбар нь таваас наймдугаар сард борлуулагджээ. Мөн жуулчин, оюутан, сурагчдын зорчих тоо нэмэгдсэн байна. 


Дорнод Сибирийн төмөр замын мэдээлснээр энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд Эрхүү-Улаанбаатар галт тэрэгний зорчигч тээвэрлэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,1 хувиар өсчээ. Мөн энэ онд люкс зэрэглэлийг сонгож байгаа зорчигчдын тоо 11,3 хувиар өссөн байна. Тасалгаат вагонуудад 1,7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13,7 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин