Д.Эрдэнэдалай: Тамсагбулагийн эмнэлэгт 20 гаруй цэргийг санитараар сурган авсны нэг нь миний аав 
2019-09-03

 

Эдгээр өдрүүдэд Монгол, ОХУ хамтран Халхын голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ хүрээнд одоогоос 80 жилийн тэртээ дорнын тал дахь байлдааны үеэр үүрэг гүйцэтгэж явсан, VI дивиз болон XV морьт хорооны хүн эмнэлгийн албаны ахлах санитар Гүрийн Доржсүрэнгийн талаарх дурсамжийг  түүний хүү Д.Эрдэнэдалай хуваалцсаныг хүргэе. 


-    Таны аав Халхын голын байлдаанд оролцож байсан гэсэн. Хэзээ, хэрхэн цэрэгт татагдах болов? 
-    Миний аав 1919 оны 11 дүгээр сарын долоонд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг Гунзаны Тоглоонт гэдэг газар Гүр дарханы хүү болон мэндэлсэн (Одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сум). 1937 оны наймдугаар сарын 25-нд МАХЦ-ийн албанд татагдан Зүүн хязгаарын Тамсаг булгийн 6-р дивизийн 17-р морьт хороонд пулемет сумангийн 3-р салаанд байлдагчаар хуваарилагдсан юм билээ. Тэндээ 1938 оны гуравдугаар сар хүртэл үүрэг гүйцэтгэж байгаад сурлага, сахилга бат, монгол бичиг болон ерөнхий эрдмийн хичээлд идэвхи зүтгэлтэй сурсан гэж үнэлэгдэн Армийн төв эмнэлэгийн дэргэд анх удаа байгуулагдсан ахлах санитар нарыг бэлтгэх зургаан сарын курст зургаадугаар дивизээс шалгарч,  1938 оны 3-р сараас 10-р сар хүртэл суралцан амжилттай төгсөж ахлах санитарын үнэмлэх авсан. Жанжин штабын тушаалаар Тамсаг булгийн  VI дивизийн XV морьт хороонд хуваарилагдан эмч Л.Шаравдоржийн удирдлага дор ахлах санитараар үүрэг гүйцэтгэж сахилга бат хүмүүжил сайн гэсэн үнэлэлттэй байсан учир 1939 оны нэгдүгээр сард дивизийн штабын тушаалаар 6-р дивизийн хүн эмнэлэгийн албаны дарга их эмч Иван Михайлович Денисов Дивизийн лазаретын дарга, их эмч Таисия Ивановна Бодина нарын өдөр тутмын шууд удирдлагын дор дэвшин ажилласан. Халх голын дайн эхлэхээс дуусах хүртэл И.М.Денисовын удирдлагын дор VI дивизийн фронтын эмнэлгийн ахлах санитараар үүрэг даалгаварыг ёсчлон биелүүлсэн юм билээ. 


-    Цэргийн эмч, тэр дундаа дайны талбарт үүрэг гүйцэтгэнэ гэдэг ихээхэн хүндрэлтэй тулгарч байсан нь дамжиггүй ...


-    Дайны хугацаанд 6 VI дивиз болон дивизийн бага даргын сургуулийн тусгай суман, 15-р морьт хороо, 17-р морьт хороо, Хуягт Дивизион зэрэг шууд байлдах ангиудын эмнэлэг дээр тус тус үүрэг гүйцэтгэж байсан. 20 шахам удаа ширүүн тулалдаанд оролцож, тэр ширүүн тулааны үед хамт явсан нөхдийнхөө тусламж дэмжлэгтэйгээр зөвхөн түүний хувьд 1000 гаруй Зөвлөлт-Монголын нөхдийн шархыг боож эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэн мөн амь үрэгдэгсдийг галын шугамаас гаргах зэрэг байлдааны үүрэг даалгаварыг ямар ч өдөр шөнийн цаг дор болон аадар бороотой, төөнөсөн нарны элчийн аль алинд ч мятралгүй зүтгэлээр биелүүлж явсан гэдэг. Ингэж явах үедээ дайсны их бууны ширмэнд өртөж баруун хөлний өвдөг, мөн хөлийн дотор шагайн тус газар хөнгөн шархадсан боловч ар тийшээгээ гаралгүй дивизийн хээрийн эмнэлэгт долоо хоног үүрэг гүйцэтгэн шархаа боолгож, бусдын шархыг боож сувилах үүрэг гүйцэтгэж байгаад буцаад галын шугаманд очсон билээ. Мөн онгоцны бөмбөгдөлтийн үед битүү бэртэл олсон боловч өөрийн байрыг орхилгүй шархадсан хүнд тусламж үзүүлсээр байсныг санаж байна гэж Таисия Бодина дурссан байдаг. Энэ зүтгэлийг үнэлж И.М.Денисов байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахаар хоёр ч  удаа тодорхойлсон боловч удирдах ажилтны хариуцлагагүй байдлаас болж өөр Доржсүрэнд шагнал нь очиж хоёр дахь тодорхойлолт нь үрэгдсэн байна. 1939 оны 12-р сараас 1940 оны 9-р сар хүртэл Улаанбаатар хотод улсын баатар Гонгорын командласан хуягт бригадад ахлах санитараар Денисовийн туслахаар алба хааж байгаад халагдсан. 1940 онд халагдаж ирээд сумын эмнэлэгт сестра, эмнэлгийн салбарын эрхлэгч, багийн дарга, сумын намын үүрийн дарга, Тосонцэнгэлийн МБК-д МҮЭ-ийн хороон дарга, Зартын амралтын дарга зэрэг ажил алба хийж байгаад 1983 оны 5-р сарын 8нд өвчний улмаас нас барсан.


-    Дайны талбарт хамтдаа үүрэг гүйцэтгэж байсан орос эмч нарын талаар аав тань дурсан ярьдаг байсан байх? 


-    Аав маань хамт ажиллаж байсан  И.М.Денисов, Т.И.Бодина нартай 1969 оноос насан эцэслэтлээ захидлаар харьцаж байсан юм. Энэ хоёр орос эмчийн илгээсэн захиа, ил захидал болон Г.Доржсүрэнгийн тухай сонин, сэтгүүлд өгсөн ярилцлагууд хадгалагдаж байгаа. 

МАХЦ-ийн VI морьт дивизийн Хүн эмнэлэгийн албаны дарга Иван Михаилович Денисов , больницийн дарга Таисия Ивановна Бодина

                    

И.М.Денисов, Т.И.Бодина нар нь 1937 оны эцсээр Ленинградийн С.М.Кировын нэрэмжит цэргийн эмнэлэгийн академийг төгсөөд 1938 оны хоёрдугаар сард Монголд томилогдож ирсэн нь тэр. Тэднийг Маршал Х.Чойбалсан хүлээн авч уулзаад Зүүн хязгаарт байдал түгшүүртэй байгаа тул Тамсаг булагт томилон ажиллуулна гэж үүрэг өгсөн байна. Ингээд гэр бүлийн хоёр Тамсаг булагт ирээд нөхөр нь болох И.М.Денисов VI  морьт дивизийн хүн эмнэлэгийн албаны даргаар, эхнэр Т.И.Бодина нь тус дивизийн лазаретийн (больниц) даргаар тус тус томилогдон ажиллаж эхэлсэн. Тамсаг булагт ирээд тэд цэргийн эмнэлэгийг шинэ зохион байгуулалтанд оруулж худаг гаргах, цэвэрлэгээ ариутгал хийх, цэрэг байлдагчдаас бичиг үсэг тайлагдсанаас нь сонгон авч санитар бэлтгэж эхэлсэн байна. Ингээд 1939 оны тавдугаар сар гэхэд 20 гаруй цэргийг санитар болгон сургаж авсан байна. Бодина дурсахдаа “Эдгээр цэргүүд дайны хүнд бэрхийг давахад маш их тус болсон шүү” гэж бичсэн байдаг. Халх голын дайн эхлээд дуустал И.М.Денисов дивизийн галын пункт дээр ажиллаж шархдагсдад хагалгаа хийх, анхны тусламж үзүүлэх, Т.И.Бодина Тамсаг булагийн дивизийн эмнэлэгт шархтан хүлээж авч эмчилдэг байсан. 

Орос эмч нарын сургасан санитарууд. Халхын гол 1939 он

Энэ хоёр Зөвлөлтийн эмч нар олон хүний амь нас аварч, өвчнөөс салган хөл дээр нь босгож асран сувилаж байсан тухай аав Г.Доржсүрэн дурсаж бичсэн байдаг. 
 Г.Доржсүрэн Халхын гол 1939 оны тавдугаар сар
 

Аав Г.Доржсүрэн 30 жилийн дараа 1969 онд Москвагийн радиод захидал бичиж сурагласаар хамт байлдаж явсан хоёр эмчийн хаягийг олж авсан юм.  Ингээд И.М.Денисов Т.И.Бодина нартай 1983 оны 5-р сар хүртэл насан эцэстлээ захидлаар харилцаж байсан.  

Г. Доржсүрэнгийн 1938 онд Улаанбаатарын Цэргийн төв эмнэлэгийн дэргэдэх эмнэлэгийн бага мэргэжилтэн бэлтгэх курсыг Ахлах санитараар төгссөн үнэмлэх


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
доржсүрэн эрдэнэдалай:
баярлалаа
2019-12-29
NOx:
Saihan yariltslaga baina. Ta bugded eruul enh sain saihniig husey!
2019-09-03
доржсүрэн эрдэнэдалай:
баярлалаа