ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа
2019-09-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Е.В.Митрофанова, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ерөнхий захирал А.Р.Базархандаев нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Хатагтай Митрофанова уулзалтын эхэнд Эрхүү мужид үеэрт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд туслах аяныг санаачилж, сэргээн босголтын хугацаанд Эрхүүгийн олон хүүхдийг Монгол Улсад амрааж сайхан сэтгэлийн тусламж үзүүлсэн явдалд гүн талархал илэрхийлж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хэллээ.

 

“Россотрудничество” агентлаг нь шинжлэх ухаан, соёлын төвөөрөө /РЦНК/ дамжуулан ОХУ-д жил бүр 500 оюутанг Засгийн газрын тэтгэлэгээр сургадаг бөгөөд энэ тоог 50-иар нэмэгдүүлэх, тус улсад суралцахаар очиж буй оюутнуудын орос хэлний чадварыг дээшлүүлэх зэрэг хэд, хэдэн тодорхой асуудлаар талууд ажил хэрэгч яриа өрнүүллээ.

 

Тухайлбал, ОХУ-д Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхдээ хөдөө, орон нутгийн хүүхдүүдийг түлхүү хамруулах, соёл урлагийн чиглэлээр суралцах гэж байгаа бол заавал ОХУ-д шалгалт өгөхгүйгээр Монголд сонгон шалгаруулалт явуулах зэрэг ажлыг зохион байгуулах боломжтой гэж үзсэн юм.

 

Мөн Монгол-Оросын хамтарсан нээлттэй их сургууль байгуулах, оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн тулд Монгол дахь орос хэлний багш, багшлах боловсон хүчнийг зайны болон бусад сургалтад хамруулж, оюутнуудын хэлний бэлтгэлийг улсад нь чанартай заах арга замыг боловсруулах зэргээр хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Luivarchid zail Mongolchuudyg taivan orhi!
2019-09-03