Энэ намрын онцлох жүжиг: “Надтай үлдээч”
2019-09-04

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид энэ оны гуравдугаар сард Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийг олон нийтийн хүртээл болгосон. Мөн өнгөрөгч зургаадугаар сард Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драмын жүжгийг тайзнаа амилуулсан билээ.

 

Тэгвэл тус театрын уран бүтээлчдийн энэ оны гурав дахь шинэ жүжиг О.Элбэгтөгсийн зохиол “Надтай үлдээч” хэмээх уянгын драмын жүжиг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Жүжгийн нээлт 2019.09.06-нд болох бөгөөд өдөр бүр 21.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.

 

"Өнгөцхөн сэтгэл хөдлөлөөр биш өөрийнхөө дотоод мэдрэмжийг сонсоосой"

 

 

Энэ жүжгийн онцлог нь театрын залуу уран бүтээлчид хамтран туурвижээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар СТА А.Чингүн ажилласан бол зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан байна. Ингэж театрын уран бүтээлчид залуусдаа боломж олгож тэдэнд тайзаа бүрэн “чөлөөлж” өгчээ.

 

Жүжгийн ерөнхий найруулагч А.Чингүн “Би драмын театрт 10 жил ажиллаа. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй жүжгийн туслах найруулагчаар ажилласан. Энэ удаад театрынхан маань ирээдүй хойчоо бэлдэж, надад боломж олгож энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллах завшаан тохиолоо гэж ойлгож байна” хэмээсэн юм.

 

Харин тэрбээр жүжгийн утга санааны талаар “Өнөөдөр эрх ашгаар, ээж аавынхаа зөвлөснөөр жилдээ 18 мянган гэр бүл салж байна. Өнгөцхөн сэтгэл хөдлөлөөр биш өөрийнхөө дотоод мэдрэмжээр хайр хэмээх нандин зүйлийг олж аваад насан туршдаа хамтдаа амьдрах тэр хүнээ олж сонгоосой гэсэн санааг илэрхийлнэ. “Ромео Жульетта” үхэшгүй мөнхийн хайрын тухай өгүүлдэг. Тэгвэл энэ жүжиг өнөөдрийн цаг хугацааг харуулна. Зүрх, сэтгэл, өөрийн мэдрэмжээ сонсоод надтай хамт үүрд үлдээч гэсэн үгийг залууст хаяглана” хэмээв.

 

Залуу найруулагчийн удирдлага дор залуу жүжигчин Д.Асардарь, СТА жүжигчин Б.Шинэбаяр нар гол дүрд тоглож жүжгийг “амилуулсан” бол энэ удаад театрын “акул”-ууд болох МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар залуучуудад “тулах цэг” болон ажиллаж туслах дүр бүтээсэн байна.

 

Тайзны зураачаар СТА Ч.Батболд, хувцансы дизайнер СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор Ж.Батдөл, дууны найруулагчаар СТА Я.Батсайхан нарын “шижигнэсэн” залуус баг болон ажиллаж “Надтай үлдээч” жүжгийг үзэгчдэд өргөн барихад бэлэн болжээ.

 

"Материаллаг зүйлийг хайр хэмээн андуурч буйг урлагийн хэлээр ойлгуулна"

 

 

Тус уран бүтээлийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар дэмжиж ажилласан байна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Урлагаар дамжуулж хүүхэд залуучуудад нийгэмд зөв амьдрах, зөв хүмүүжлийг олгох үндсэн зорилгоор бид энэхүү төсөл дээр оролцсон. Өнгөрсөн жил “Би нар” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил драмын урлагийн салбарт мэргэжлийнд тооцогдох УДЭТ-тай хамтраад “Надтай үлдээч” төсөл дээр ажиллаа. Хүүхэд, өсвөр үе, залуучуудад хайр сэтгэл гэж чухам юу юм. Гэр бүл түүний үнэ цэнэ, үерхэл нөхөрлөлийн нандин чанар. Яаж аз жаргалтай гэр бүл, амьдралыг бий болгох вэ гэдэг зүйлийг урлагийн хэлээр дамжуулан хүүхэд залуучуудад ойлгуулахад зорилго чиглэсэн. Хайр гэдэг зүйлийг авах ёстой гэдэг утгаар хүүхэд залуучууд илүү их мэдрэх болж. Гэтэл хайр сэтгэл гэдэг бол ямар ч ном зохиолд өгөхийн нэрийг хэлдэг юм. Хос хоёр хэн хэндээ юу ч нэхэхгүйгээр өгөхийг хайр гэнэ. Гэтэл “чи хайртай л юм бол...” гэдэг хандлага ихсэхээр хайрын үнэ цэнэ үгүй болж байдаг. Тэгэхээр материаллаг зүйлийг сэтгэл гэж хардаг буруу зан байдлыг урлагийн хэлээр ойлгуулахыг зорилоо” гэв.

 

 

"Надтай үлдээч" жүжгээр дамжуулан орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх аж.  Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10.000, 15.000, 20.000, 25.000 төгрөгөөр УДЭТ-ын билетын касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

 

Сонирхуулахад тус жүжгийн дууг дуучин Ука дуулжээ. Тус шинэ уран бүтээл тун удахгүй цацагдах гэнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин