Парламент гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэнгүй
2019-09-06

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байгаа. Нийт 150 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 100 орчмыг нь хэлэлцсэн. Мөн зарим хойшлуулаад байсан асуудал УИХ дахь МАН-ын бүлэг дахин байр сууриа нэгтгэн оруулж ирлээ. Тухайлбал,  парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэсэн саналыг дэмжлээ. 

 

 

С.Бямбацогт нарын гишүүдийн  "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ. Энэ санал  гишүүдийн дунд маргаан дагуулж байсан юм. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд одоогийн Үндсэн хуульд заасан заалтыг хэвээр хадгалах буюу "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэж оруулж ирсэн бол Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд  "нийтийн өмч"  байхаар тусгасан. Тиймээс гишүүд "төрийн, нийтийн" гэсэ хувилбарыг оруулж ирж дэмжүүллээ. Гишүүдийн зарим нь төрийн, нийтийн өмч" гэх нь хуулийн зөрчил үүсэх эсэхийг лавлаж байсан.  Харин төр өмчтэй байна гээд одоогийн үйлчилж байгаа холбогдох хуулиудад энэ заалт үйлчилдгийг санаачлагчид онцолж байлаа. 

 

Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах эсэхэд гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байсан. Холимог тогтолцоотой байх Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэмжигдээгүй юм. Энэ асуудалд МАН-ын бүлэг сонгуулийн тогтолцоог  Үндсэн хуульд тусгах шаардлагагүй гэсэн байр суурь баримталж байсан. Тиймээс ч Д.Эрдэнэбатын гишүүний гаргасан "УИХ нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэсэн санал дэмжигдээгүй. Харин гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын " УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.  

 

 

Түүнчлэн гишүүдийг талцуулж, олон нийтийн дунд маргаан үүсгээд байсан УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэх саналууд аль аль нь дэмжигдсэнгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил байхаар тусгасан бол МАН-ын бүлэг гишүүдийн тоог 99 байх хувилбар гаргасан байв. 

 

Ийнхүү эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Энэ гишүүд арай хэтэрхий тэнэгээ харуулж байна
2019-09-06