О.Баасанхүү: Зөвшилцөл чинь зогсчихоод байна
2019-09-08

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, ард нийтийн санал асуулга явуулах асуудалд шилжлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд мөрдөж эхлэх хугацааг өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм.  УИХ-ын дарга Г.Занданшатар "АН-ын зөвлөл хуралдаандаа орж ирээрэй. АН-ын зөвлөлөөс Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагыг УИХ-д өргөн барьсан. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн" гэдгийг онцолсон. АН-ын зөвлөлөөс өөрсдийн өргөн барьсан зарчмын зөрүүтэй санал Үндсэн хуульд тусгагдаагүйг онцолж, хэлэлцүүлэгт цаашид оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргажээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

 

-Ямар зурлагатай, ямар гоёо өдөр гэнэ ээ. Хэн үүнийг гаргаж ирсэн юм. Ийм утгагүй зүйл хэрэггүй. Зөвшилцөл чинь зогсчихоод байна. АН байхгүй байгаа нь АН-ын зөвлөлдөө биш ард түмний зөвшилцлийн нэг хэсэг байхгүй байна. Та бүхэн сая хуурамч гурав дахь хүчнээ оруулж ирээд бүх асуудлаа зохицуулчихлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл батлагдах юм уу. 2020 онд сонгууль болох уу. Хэнтийн сонгуулийг хойшлуулж чадсан шиг ээ УИХ-ын сонгуулийг будилуулах гээгүй юм бол энэ хугацааг хойшлуулах хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Монголчууд бэлгэ дэмбэрлийг боддог. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд хаврын эхэн сарын барс өдөр одооогийн Үндсэн хуулиа дагаж мөрдөнө гэж заасан. Энэ чинь шинжлэх ухаан. Зуны эхэн сарын шинийн 3 гэдэг бол барилдлага, мэнгэ гээд их олон зүйлийг гаргаж ирсэн байдаг юм байна. Энэ саналыг дэмжиж санал хураалгахыг хүсье. 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Би энэ 2020 оны таван сарын 20-ныг дэмжье гэж бодож байна. Үндсэн хуульд төр, шашин хоёр тусдаа байдгийг бичсэн биз дээ. Рашаан, луу гэдгээ Ганданд очиж яриач" 

 

 

Ийнхүү санал хураалтаар гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн дагаж мөрдөх хугацааг дэмжсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өлзийт сайн өдрөөс мөрдөж эхлэх нь зөв шүү
2019-09-09
зочин:
Оюун ухаан нь ажилладаг хүмүүс бас байгаа л юм байна
2019-09-09