Драмын залууст тавих ДҮН
2019-09-23

 

Танил маань гэм хийгээгүй атал сошиалаар түүнийг “гэмтэн” гээд цоллочихсон, хүний өмнөөс бухимдал тээчихсэн явах үедээ драмын театрыг зорьсон болохоор тэр хэрээний хашхираан....“Танилд маань тийм л хүнд санагдаж байгаа даа” гэсэн бодол эрхгүй төрүүлж, хэрээний хашхираан сонстох бүрт нуруугаар хүйт дааж, хачин чигтэй мэдрэмж төрж суулаа.

 

“Надтай үлдээч” жүжгээр дамжуулан хэлэх гэсэн гол санаа нь энэ. “Хасар” Жагаа улаан фэйсбүүкчин болчихсон, “Унаган хайр”-ын Нараа фэйсбүүкчин нөхрөөсөө болж үргэлж гуниглаж, олон жилийн өмнөх орцны болзоогоо санан дурсаж сэтгэлээ цатгаж явдаг ганцаардмал эмэгтэй...Яг л өнөө нийгмийн өдөр бүрийн дүр төрх. 

 

Тодоо, Шинээ хоёр тайзан дээр ч найзууд хэвээр. “Чөлөөт хос”-ын Баясаа харин цагаан цайлган эгэл малчин. Эндүүрэл, итгэл алдарсан хайр дурлал, эв нь олдохгүй олон асуудлын зангилааг тэр бодолгүй ярьж, болзоогүй очдог хөдөөний хүүхний дүрээр тайзнаа ирж тайлна. “Цэцэгээ эгч нь байна аа, үүд ээ тайлаа” хэмээн хөшигний араас тас тас хөхөрсөөр гарч ирэх, ханцуй шамлан эгээ л эр хүн шиг залуусыг сургах нь нээрэн хөдөөний хүн.

 

Жүжгийн гол дүрд Шинэбаяр, Асардарь нар тоглосон. Шинэбаяр драмын театрын залуу үеийн тод төлөөлөл, орчин үеийн Ромео гэдгээр хүмүүс танина. Харин Асардарын хувьд анхны гол дүр. Тэд  залуусын хайр дурлалыг их гоёор, гэгээлэгээр гаргаж өгсөн. Тэр нь үнэн байсан.

 

 

Өглөө сэртэл танихгүй залуугийн гэрт нүцгэн. Гэхдээ секс, сэтгэл хуурсан зүйл үгүй. Мөрөөдлөө яриад л, мөрөө түшилцэн биенээ мэдэрч цоо ширтэлцээд л...Тэгснээ гэнэтхэн үсэрч босоод Үнсгэлжингийн дүрд хувиран тайзнаас буун үзэгч дундуур гүйн шаахайгаа унагаад л...Хэт нялуун, амьгүй уянгалаг яриа биш. Хөнгөхөн, хөгжилтэй яриа. Догдлол дүүрэн залуу нас тэндээс харагдсан.

 

Залуус яг ингэж л учирдаг, дурладаг, хайрладаг. Дараа нь гэр бүл болж үр хүүхэдтэй болно. Энэ үедээ танилцсанаа тэгээд хайрласнаа ийм нэг хайрын жүжиг мэтийн нандин мэдрэмжээс буцаад нэг удаа олдог нь сайхан.  

 

Залуу найруулагчийн шийдэл, залуу жүжигчдийн үнэн, энгийн жүжиглэлт гоё байсан. Та нарт онц дүн тавья. Мөн үргэлж хамгийн түрүүнд нэр нь дурдагдаж, олонд танигдаж байдаг найруулагч, жүжигчдээс гадна тайзны гэрэлтүүлэгчийг энэ удаад онцолмоор санагдлаа.

 

Цаг хором бүрт тайзны нэг булангаас нөгөө рүү үсчин цовхчих жүжигчдийг тодотгох гэрэл, тэднийг алдалгүй дагах нь сонирхол татна. Дэггүй бүсгүй “Би балетчин болохыг мөрөөддөг” хэмээн бүжиглэх аясад тайз бүхэлдээ харанхуйлж зөвхөн түүн дээр гэрэл тусангуут түүний уран бие, урагш тэмүүлэх хүсэл мөрөөдлийг нь улам ч тодруулах мэт. Харин гадаад хүнтэй суулгах тухай эцэг эхийнхээ шийдвэрийн талаар ярихад тайз бас л харанхуй ч энэ удаад эмэгтэйн зөвхөн нүүрэн хэсэгт гэрлээ тод өгөхүйд гуниг дүүрэн харц нь улам ч үнэн харагдах юм. Тэгснээ залуу хоёрын биедээ тэмүүлж, бүр нэг асан дүрэлзэх агшинд тайзнаас гэнэтхэн бөөрөнхий цэнхэр гэрэл бууж ирээд залуус түүн дунд тэврэлдэн бүжих нь бүр ч догдолмоор байсан.

 

 

Драмын залуусын өөрсдөө найруулж, өөрсдөө жүжиглэсэн “Надтай үлдээч” хэмээх энэхүү жүжиг оройн 21.00 цагт тоглогдож байгаа тул зорьж ирсэн үзэгчид нь ч хосоороо, хөтлөлцсөн залуус. Энэ жүжгийн дууг дуучин Ука дуулсан нь бүр ч чимжээ. Жүжгийн төгсгөлд

 

Хамт үлдье чамтай,

Харамсах түй ч үгүй....хэмээх дуу танхим дүүрэн эгшиглэнгүүт өнөө хосоороо залуус босч зогсоод гар гараасаа атгалцан даган дуулах нь залуу насны цог жавхааг илтгэнэ.

 

Залуус залуусдаа зориулсан “Надтай үлдээч” жүжгийн үзэгчийн сэтгэгдэл гэвэл энэ. Нээрэн жүжгийн төгсгөлд гол санаагаа хэт тайлбарлах гэж урт, сунжруу текст хэлүүлсэн нь уйдаах шахсан шүү.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин