Улаанбаатар-Дархан чиглэлийн замд гарсан осол 6.7 хувиар буурсан
2019-09-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлж тээврийн хэрэгслийг түр шороон замаар зорчуулж байна.

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн тоон мэдээг өмнө оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 6.7, гэмт  хэрэг 12, нас барсан хүн 38.5 хувиар тус тус буурч, гэмтсэн хүн 17.2 хувиар өссөн  үзүүлэлттэй.

 

 

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хааж, авто замыг хаасантай холбоотойгоор түр ашиглах сайжруулсан шороон замаар  бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашин, том оврын автобуснаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчуулж, хөдөлгөөний  аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

Мөн Улиастайн уулзвараас Налайх хүртэлх замд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  бүртгэгдсэн осол хэргийн тоог урьд оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 66.3, гэмт  хэрэг 77.8, нас барсан хүн 100, гэмтсэн хүн 60 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

 

Автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд түр замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй зорчих үед зам тээврийн осол хэрэг, хүний амь нас эрүүл мэндэд учир буй хохирлын хэмжээ буурч буй нь  тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамаарч байна.

 

Жолооч та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон  хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин