ЗӨВШИЛЦӨЛ хийгээд ҮЛ ОЙЛГОЛЦОЛ
2019-09-25

 

УИХ энэ долоо хоногт Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар товлосон байлаа. Гэвч гишүүд орон нутагт томилолттой ажиллаж байгаа гэх шалтгаанаар хуралдаан хойшилсон юм. Нэгэнтээ товлосон хуралдааныг хойшлуулах, гишүүдэд хүндэтгэх шалтгаан  тоочих үндэслэл эрх баригчдад байсан нь тодорхой.

 

Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт төслийн хэлэлцүүлэг зөвшилцөл бус  үл ойлголцлоор үргэлжилж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт сөрөг хүчин АН оролцоогүй.  Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийг эрх баригч хүчин дангаар хэлэлцэн,  дэмжсэн байдаг. Харин төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээс Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох хуулийн төсөл өргөн барьж, АН саналаа өргөн мэдүүлж, урт хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Сар орчим үргэлжилсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээс нэр бүхий 62 гишүүдийн өргөн барьсан төслийн 80 хувь, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн 20 хувь дэмжигдэж, УИХ дахь АН-ын зөвлөл өөрсдийнх нь өргөн барьсан саналууд зарчмын хувьд дэмжигдсэнгүй гэсэн байр сууриа илэрхийлж,  дараагийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. 

 

Нөгөө талаас Ерөнхийлөгч төслөө татаж авсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн дараагийн алхам болох Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн зүгээс “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн саналыг өргөн барьсан ч УИХ хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг хүлээж авах эсэхийг УИХ л шийдэх бүрэн эрхтэйгээс гадна энэ удаад төрийн тэргүүн Үндсэн хуулиас гадуурх санал өргөн барьсаныг УИХ-ын гишүүд төдийгүй хуульчид шүүмжилж байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс дахин “эсэргүүцлээ” илэрхийлж, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд хориг тавиад байна.  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг мөн л УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гацаах үндэслэл болохгүй. Уг нь эрх баригчдад эцэг хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө дангаараа хэлэлцээд батлах үнэмлэхүй олонийн бяр ч, бяд ч байгаа.  Мөрийн хөтөлбөртөө ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн амлалтаа өмнөө барин, дангаараа хэлэлцэх бүрэн эрхтэй.  Гэвч сонгуулиар  байтугай үргэлжлэх хэлэлцүүлгээр бусад улс төрийн хүчнүүдээс ирэх дайралт  эрх баригч хүчин МАН-д  сөрөг нөлөөтэйг тооцож, хуралдаанаа хойшлуулсаар байна. Тэр дундаа Ерөнхийлөгчтэй ойлголцолд хүрсэн байхад АН ч дагалдана.

 

Түүнчлэн Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган явуулах яриа өнгөрсөн долоо хоногт  улс төрийн хүрээнд хүчтэй явагдсан. Үнэмлэхүй олонхи УИХ-аа тараавал Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл ч бүр цаашаа болох биз. Гэхдээ энэ нь эрх баригч хүчний намын аппаратаас, төв удирдлагаас нь гаргасан асуудал гэхээр  УИХ-д олонхи, олон суудал авсан улс төрийн хүчний Ерөнхий сайд нь байтугай намын дарга нь ч УИХ-ын гишүүн байна гэж хуульчилмаар. УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах нь парламентын дархлааг сулруулж, төрд тогтвортой бус байдал үүснэ гэж улстөрчид, хуульчид шүүмжилж байгаа. Тэгээд  олон нийт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байгаагаас төрийн эргэлт, эрс шинэчлэл хийх, хэн нэгнийг хаанаар өргөмжлөх асуудал огт сөхөөгүй. Тэр байтугай одоогийн хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ч ихэнх нь мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа нь үнэн. Тийн байхад юун Ерөнхийлөгчийн засаглал, эрс шинэчлэл вэ?

 

Цаашлаад МАН зөвхөн бусад улс төрийн хүчинтэй ч бус дотооддоо хагаралтай байгаа. Тиймээс эрх баригчид хүчин эхлээд тогоон дотроо ойлголцох шаардлагатай ч оройтсон байж мэдэх. Учир нь бүрэн эрхийнхээ хугацаанд байнга тэмцэлдсэн,  их хурлаа хийж, шинэ дарга сонгоод хагарал тэмцэл нь намжих бус задрал руугаа орсон.  МАН-ын фракц, бүлэглэлийн талцал, хагарлыг өөрт ашигтайгаар урвуулж, шантаажилж байгаа эрхэм бол Ерөнхийлөгч. Нэг хүнд “атгуулж”, бүрэн эрхээ эдэлж чадахгүй байгаа нь өнөөгийн эрх баригчдын эмгэнэл.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг улс төрийн намын чадал, чансаа, улстөрчдийн амбицийг ил гаргаж байгаа нь сайшаалтай.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин