Грек нэг удаагийн хуванцар сав хэрэглэхийг хориглоно
2019-09-26

Грек улс 2021 он гэхэд нэг удаагийн хуванцар эдлэлийг ашиглахыг хориглон, 2028 онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах бол 2030 онд сэргээгдэх эх үүсвэрээс гарган авах цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг 35 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис НҮБ-ын төв байранд болсон цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдлээ.

 

Грек улс 2020 онд төлөвлөсөн, хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг хэдийнэ амжилттай хэрэгжүүлж, агаар мандалд цацагдах хүлэмжийн хийн хэмжээг ихээхэн багасгасан гэж Мицотакис өгүүлээд эрчим хүчний стратегийн хүрээнд авч хэрэгжүүлэх экологийн шийдлүүдийн чухлыг онцоллоо. 

 

Грект цаг уурын өөрчлөлт хүн амын амьдралд төдийгүй соёлын өвийн объектуудын хадгалалтад сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс тус улсын засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч, өндөр түвшинд хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин