Сонгуулийн жилийн СОЛОНГОРСОН төсөв
2019-09-27

 

Засгийн газар сонгуулийн жилийн төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг   -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцжээ.

 

УИХ-ын ээлжит сонгуулийн жил эрх баригчид улсын дансыг сэгсэрч,  нийгмийн халамжийн чиглэлд мөнгө цацдаг уламжлалтай. Энэ удаад ч  уламжлалын дагуу давтагдах нь.

 

Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн чухал төсөл арга хэмжээг тусгажээ.  Өнөөдрийн тухайд боловсролын салбарт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй, сургуулиас түрээсэлдэг сурах бичиг нь хүрэлцэхгүй, гадуур номын худалдаачдаас эцэг эхчүүд зах зээлийн ханшаар хуучин сурах бичиг худалдан авч өгч байгаа нь үнэн. Харин энэ байдал ирэх жил арилж, тэр байтугай боловсролын эрэлт, нийлүүлэлтийг зохистой хангах чанартай боловсролын тогтолцоог төрөөс дэмжих юм байна. Тухайлбал улсын төсвийн төсөлд МСҮТ-д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэж,  2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоол, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг 50 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байна.

 

Эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүр авч чадахгүй, эмнэлгийн ор, багаж төхөөрөмж хүрэлцэхгүйгээс дугаарласан ч хасагдах, хэдэн сараар хүлээгдэх асуудалтай өдөр бүр тулгардаг. Харин ирэх онд эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болох нөхцөлийг бүрдүүлж санхүүжилтийн ялгавартай байдлыг арилгах гэнэ. Тухайлбал,  төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож, нэмэгдүүлж,  иргэн амбулаторийн оношилгоо, хөнгөлөлттэй эм, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг нэг дор цогц байдлаар авах боломжийг бий болгох аж.  Төрийн өмчийн эмнэлгүүд үзүүлсэн тусламж үйлчилгээний тоо хэмжээ, чанарт тохирсон санхүүжилт авч, төсвийн менежментээ бие даан хэрэгжүүлэх юм байна.

 

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, эхчүүд, ахмад настан болон төрийн албан хаагчдын бодит орлогыг хүссэн ч эс хүссэн ч нэмэгдүүлэхээс гарцгүй үе бол сонгуулийн жил. Тиймээс ч 2020 онд:

  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой бүрдэнэ.   
  • Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжинэ.  
  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  •  2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа ЗГ-ын бодлогыг үргэлжлүүлнэ.
  • ТҮ-ний албан хаагчид ТЗ-ны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр мэт заалтуудыг тусгажээ.

 

Цаашлаад төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхээр 160 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Ингэснээр багш нарын  сарын дундаж цалин өнгөрсөн жил шаардаад байсан 1,5 саяд нь хүрэх тооцоо гарчээ. Ямартай ч багш нарын ирэх онд санасандаа хүрсэн цалингаа авах нь.  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олны талархал хүлээсэн сайшаалтай арга хэмжээ нь яах аргагүй  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ жил 4.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол ирэх жил  10 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр 5.3 тэрбум төгрөгийг нэмж тусгажээ.

 

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд 43 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих урамшуулалд нийтдээ 66.6 тэрбумыг төсөвлөжээ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих урамшууллын төсөв жил бүр нэмэгдсээр ирсэн. Тухайлбал улаанбуудайн урамшуулал энэ оныхоос 10 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэвч өнөөдрийн тухайд гурилын үнэ нэмэгдэх магадлалтай гэсэн дохио байгаа.  Өнгөрсөн жил мах экспорлох эрх авсан компаниуд махааа нөөцлөөгүйгээс худалдаандаас бараагаа татсан. Энэ нь эргээд иргэдэд сөргөөр тусч, махны  ханш тэнгэрт хадаад байгаа. Харин ирэх жил мах 20 мянган тонн мах нөөцлөхөөр 9.2 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ.

 

Ирэх оны төсвийн төслөөс харахад гурван жил хүлээсэн эдийн засгийн мэдрэгдээгүй өсөлтийг ирэх жил сонгууль хүртэл хугацаанд түр болов мэдрэх төлөвтэй. Манай эдийн засаг, санхүү ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсээр ирсэн. Тиймээс ч төсвийн сахилга батыг сахиж, нийгмийн халамжийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай зөвшилцөнө гэсэн зарчмыг Сангийн яам баримталдаг. Магадгүй, ирэх жилийн төсөвт нийгмийн үйлчилгээний дээрх арга хэмжээг тусгахдаа ч ОУВС-тай зөвшилцсөн гэж найдна. Гэхдээ зөвшөөрсөн эсэхэд эргэлзмээр.

 

Ер нь олон улсын байгууллага ирэх жил манай улсын эдийн засгийг хүндхэн байх төлөвтэй гэсэн урьдчилсан таамаглалаа дэвшүүлээд байгаа. Харин Засгийн газраас боловсруулсан улсын төсвийг харахаар харин ч эдийн засгийн өсөлт иргэддээ мэдрэгдэхээр эерэг харагдаж байна.

 

УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэхэд зарлага нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Учир нь гишүүд тойрог тойрогтоо өнгөрсөн хугацаанд амласнаа хэрэгжүүлэх эцсийн боломж нь энэ удаагийн улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг. 

 

Тэгээд ч сонгуулийн жил эдийн засаг солонгордог нь юутай үнэн.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
бат:
сайхан тосов болсон бна
2019-10-02
Цэгцгүй нийгмийн дээд удирдлагад олон жил байсан энэ сайдаас ардууд юу ч горьдоод нэмэргүй юм байна.
2019-09-28
irgen:
mash mu ajillaj baina, mongold huuli, sanhyy, toriin baiguullaguud eroosoo ajlaa hiij chadahgui baina, dandaa tanil talaa ajild avchihsan, tomilchihson uls chin medeej shdee, tord ni ch dandaa mulguu hymyys suuj zovhon oorsdiin erh ashgiin toloo huuli hiigeed suuj baidag
2019-09-28
Иргэн:
Ирэх жилийн төсвөөсөө Уул уурхайн салбараас орох орлогыг хасч тооцвол таарна. Тар, засгаас уул уурхайгаа яаж харлуулж, ард иргэдийг уул уурхайн эсрэг турхирч байгаа жишээг харцгааж байгаа байх. Хэнтий, Завханы Засаг дарга нар, Мандахбаяр тэргүүтэй шантаажны сэтгүүлчид, Босоо хөх монгол мэтийн үй олон хуурамч эх орончид гээд хэний олдог мөнгөөр цалин, тэтгэвэр, төсвийн бусад зардлаа бүрдүүлж явдгийг ойлгодоггүй мулгуу толгойтнууд хэтэрхиы олон болжээ
2019-09-28
dfdf:
Олон жил Сангийн яамтай зууралдлаа даа. Гэтэл Монголын санхүүгийн салбар хамгийн муу, муухай, луйвар булхай нүүрлэсэн салбар болж. Дээр нь Хуулийн салбар байна. Авах юм байхгүй болсон. Хэн буруутэй вэ?
2019-09-27