Х.Баттулга: ДНБ-ий 1 хувийг шинжлэх ухаанд зарцуулъя
2019-09-27

 

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Хандлагаа өөрчилье уриатай энэ зөвлөгөөнд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцож үг хэллээ.Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 42 эрдэм шинжилгээний байгууллага, 15 их сургууль, орон тооны 1700 орчим судлаач байдаг байна. Нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 540 байгаа нь дэлхийн дунджаас доогуур байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

 

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид уул уурхайн салбар их ярилаа. Шинжлэх ухааны салбарыг бид орхигдуулсан байна гэж боддог юм. Өнгөрсөн түүх, хүрсэн үр дүнгээрээ бахархахын зэрэгцээ тулгамдсан асуудлаа шийдвэрлэж, гарц шийдлээ олох нь чухал. Монгол Улсын хөгжилд шинжлэх ухааны салбарын оруулж буй түвшин ямар байна, төр, засаг шинжлэх ухааны салбартаа хэр анхаарч байна вэ зэрэг олон асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. Бид хүчээ нэгтгэх шаардлагатай байна.

 

Монгол хүн оюуны өндөр чадамжтайг эрдэмтэн судлаачид гадаадад бүтээл нь гарч, хүүхэд залуус олон улсын тэмцээнд түрүүлж байгаагаар харуулж байна. Засгийн газраас бодлогоо шинэчилж, эрхзүйн орчноо цогцоор нь шинэчлэх ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байна. Төр, засаг бодлого, үйл ажиллагаагаа шинжлэх ухаанд тулгуурлан хийх ёстой гэлээ. 

 

  Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Эрдэмтэн судлаачдын санал санаачлага, ирээдүйн төсөл төлөвлөгөөг сонсохоор энэ зөвлөгөөг зохион байгуулж байгаад баяртай байна. Эрдэмтдийн санаа сэдлийг төр засаг нь анхааралдаа авна гэдгээ Ерөнхий сайд хэлж байгаад баяртай байна. Шинжлэх ухааны 100-гаад жилийн хугацаанд манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа нь баяртай ч юм уу, балагтай ч юм уу хэлэхэд хэцүү юм.

 

Шинжлэх ухаанаа манай улс сүүлийн 30 гаруй жил орхигдуулж, төсөв ч бага тусгасаар ирлээ. Эрдэмтэн судлаачдынхаа оюун бодлыг төрийн бодлогодоо ашиглаж ирсэн түүхтэй ард түмэн бид. Чингис хаан, түүний угсааны хаад ч улс орноо жолоодохдоо эрдэмтэн судлаачдыг хажуудаа авч, мэргэн ухааныг нь түшиглэж, шинжлэх ухааныг хөгжүүлж байсан.

 

Бидэнд шинжлэх ухаан, технологийн нөөц боломж бүрдсэн. Гэвч судалгааны үр дүнг ашиглахгүй байгаа. Шинжлэх ухаанд зарцуулж байгаа хувь ДНБ-ний 0.12 хувь байгаа нь цалингаас нь өөр зүйлд зарцуулалт хийдэггүй нь жишээ юм. Ядаж ДНБ-ий 1 хувьтай тэнцэх төсвийг шинжлэх ухаанд зарцуулъя.

 

Шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй улс орны хэмжээнд биш гэхэд бусад энгийн хөгжилтэй орнуудаас доогуур түвшинд байгаагаа анхаарах цаг болжээ. Эрдэмтэн судлаачид маань өөрсдийн сэтгэл зүтгэлээр ажиллаж ирсэнийг хэлэх хэрэгтэй.

 

Монголын шинжлэх ухааны ойрын болон хэтийн төлвийн талаар хэлэлцэж, зөв зохистой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна хэмээв. 

 

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ДНБ -НИЙ НЭГ ХУВЬ БУЮУ 100,0 ТЭРБУМ:
ЗАА ЯАХАВ ГЭЖ САНААД ДНБ-НИЙ 1,0 ХУВИЙГ ШИНЖЛЭХ УХААНД ЗАРЦУУЛЪЯА ГЭЖ САНАЯ.ЭНЭ УЛС ОРОНД ЮҮ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ. ЭНЭ НЭГ ХУВИАР ЮҮГ ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАЙНА ВЭ. ЗҮГЭЭР Л ЦАЛИНГИЦН ХЭМЖЭЭ ӨСӨӨД ДУУСАХ УУ.
2019-09-30
Төрийн тэргүүн маань мундаг юмоо
2019-09-27
Хэнчбиш:
"Баяртай ч юм уу, балагтай ч юм уу" гэдэг нь ямар учиртай вэ? Балаг тарих ямар үндэс байна?
2019-09-27