Саудын Араб жуулчны виз олгож эхэлнэ
2019-09-27

Саудын Араб 49 иргэдэд виз олгож эхлэхээр болсон талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Энэ улс руу зорчих визийг 80 доллар төлөөд цахимаар мэдүүлж болох бөгөөд харин Мекка, Медина гэсэн мусульманчуудын ариун газарт жуулчдыг нэвтрүүлэхгүй юм байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ улсад үйлчилдэг согтууруулах ундааны хориг жуулчдад ч хамаарах юм байна. Харин эмэгтэйчүүд хар өнгийн урт ханцуйтай араб даашинз заавал өмсөх шаардлагагүй, олон нийтийн газарт "даруу хувцаслахад" хангалттай гэж журамд заажээ. Мөн эмэгтэйчүүд төрөл садны эрэгтэй хүнгүйгээр ганцаараа энэ улсад аялахыг зөвшөөрсөн байна. 

 

Энд дуулгахад, Саудын Араб жуулчны виз олгож эхлэхээр төлөвлөсөн талаарх мэдээлэл  2017 оны сүүлээр гарч, 2018 он гэхэд нэвтрүүлнэ гэж мэдэгдэж байлаа. Өмнө нь энэ улс руу гагцхүү ажиллахаар явж байгаа хүмүүс болон исламын ариун газарт мөргөл үйлдэх мусульманчууд, эсвэл албан томилолтоор энэ улсыг зорьж байгаа хүмүүс л виз авах боломжтой байв. 

 

Харин ийнхүү жуулчны виз нэвтрүүлснээр аялал жуулчлалын салбар хөгжинө гэж Саудын Арабын эрх баригчид төлөвлөж байгаа юм байна. Аялал жуулчлалын салбар энэ улсын эдийн засгийг төрөлжүүлж, эенргийн нөөцөөс хамааралтай байдлыг бууруулна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

 

2030 он гэхэд Саудын Араб гадаадын улс орноос 30 сая хүн хүлээж авахаар төлөвлөж байна. Одоо энэ тоо 16 сая хэдий ч тэдний дунд жуулчин байдаггүй ч жуулчны виз нэвтрүүлснээр жил бүр аялал жуулчлалаас 47 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Энхээ:
Архи ч ууж болохгүй газар луу аялах тийм ч сайхан санаа биш байх оо.
2019-09-28