Эрх баригчдыг талцуулсан ээлжит ХОРИГ
2019-10-02

 

Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулганы нээлттэй зэрэгцээд улс төр идэвхжлээ. Хэдийгээр байнгын үйл ажиллагаатай парламентын түүхэнд УИХ-ын ээлжит бус чуулганыг 69 хоног буюу хамгийн урт хугацаанд хуралдууллаа гэж спикер онцолсон ч улс төрийн идэвхжил улирлаа дагаад ч тэр үү намжмал байдалтай байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн эхийг бэлтгэж, Ард нийтийн санал асуулга явуулах товыг зарлах шатанд  зөвшилцөл гацаад байгаа. Учир нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдсон хуулийн төслөө татаж, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд хориг тавиад байна.

 

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусгавар болно. Тиймээс УИХ өнөө маргаашгүй Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдэх юм. Хэрвээ  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэн батлах эсвэл төсөл бүхэлдээ унах хоёр гарц байгаа.  Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санал асуулга явуулахгүйгээр батлах нь эрх баригчдад эрсдэлтэй. УИХ дахь сөрөг хүчин  Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагыг Үндсэн хуульд өөрчлөллт оруулах хэлэлцүүлэгтэй зэрэгцэн тавьсан. УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд ч энэ шаардлагыг дэмждэг.

 

Ямартай ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй юм билээ. Өөрөөр  хэлбэл, хориг  МАН-д ээлжит “хэрүүлийн алим” тарьсан гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг нийгэмд бус МАН-д гал дээр шар тос нэмсэн маргаанаар үргэлжилж байна.

 

Нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгавар болгон хэлэлцэх батлах шийдэлд эрх баригчид санал нэгдээд байгаа. Тиймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна. Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай” гэдгийг онцлоод төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг УИХ-д суудалтай намуудад  уриалсан. 

 

Хуулиараа Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог заалттай. Гэхдээ Төрийн тэргүүн өнгөрсөн намар, хаврын чуулганы нээлтэд оролцож,  улстөрчдийг шинэчлэлд уриалж байлаа. Харин  завсарлагагүйгээр үргэлжилсэн ээлжит бус чуулганы хугацаанд өргөн барьсан төслийнхөө 20 хувийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгуулсан хэдий ч хориг тавиад байгаа Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтэд оролцож үг хэлсэнгүй. Магадгүй хориг хэлэлцэх үед чуулганы хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлэх биз.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу завсарлагагүй хэлэлцсэн УИХ-д одоо ухрах зам байхгүй нь тодорхой. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах товыг ирэх өдрүүдэд тунхаглах зарлахаас өмнө Ерөнхийлөгч хийгээд парламентад суудалтай улс төрийн хүчнүүдтэй ойлголцох шаардлага тулгараад байгаа. Эрх баригчдад дангаар шийдвэрлэх бүрэн эрх байгаа ч  бусадтайгаа зөвшилцөхгүйгээр санал асуулга явуулахад нь эрсдэлтэй. 

 

Ер нь Ерөнхийлөгчийн хоригийг УИХ тэр бүр хүлээж аваад байдаггүй. Энэ удаад нийгмийг хамарсан 30 тэрбумаар ганцхан асуулт тавих уу, Ард нийтээс асуухгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж болохгүй гэсэн аль талаараа сөрөг дайралт МАН руу чиглэж байгаа. Тиймээс л парламентад суудалтай улс төрийн хүчнүүдээс гадна Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, олонхийн бүлэг дотроо эвээ сахиж, нэгдсэн байр суурьтаа хатуу зогсох гээд бүрэн эрхтэй эрх баригчдад асуудал ар араасаа ундарч байна.

 

Н.Энхлэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин