Эмзэг бүлгийн иргэдийг данстай болголоо
2012-01-18

Эмзэг бүлгийн иргэдийг бичиг баримтжуулах ажил эхлээд байгаа аж. Азийн хөгжлийн банк, ЭМЯ, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр энэхүү ажлыг эхлүүлсэн байна. Эхний ээлжинд Зориг сангаас "Эмзэг бүлгийн хүн амын бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах" туршилтын загвар төслийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 22, 24 дүгээр хороонд хэрэгжүүлсэн юм. Одоогийн байдлаар Монгол Улсад бичиг баримтгүй 30 000 хүн амьдарч байна гэсэн судалгаа байдаг байна. Тэд бичиг баримтгүйгээсээ үүдэн нийгмийн халамж, суурь үйлчилгээг хүртэж чадахгүй хохирч байгаа юм. Тиймээс Зориг сангаас хэрэгжүүлж эхэлсэн туршилтын загвар төслийн хүрээнд эмзэг бүлгийн 526 иргэнийг бичиг баримттай болгосон байна. Эмзэг бүлгийн иргэдийг ийнхүү улсад данстай болгосноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэх болон нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах боломжоор хангаж, ядуурлыг бууруулахад дэмжлэг болно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Shuud.mn
Сонин хачин