УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Олон Засгийн газар дамжиж байгаа Газрын тосны үйлдвэрийг барих ажил явагдаасай би боддог. Сүүлийн үед хараад байхад явагдаж байгаа ажил нь ойлгомжгүй болоод байгаа юм. Төмөр зам, автозам зэргийг Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа гэх юм. Энэтхэгийн зээл нэмэгдсэн. Гаднын хөрөнгөөр хийгдэж байгаа мөнгө нь орж ирээгүй юм уу? Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бүрэн гарч батлагдсан уу? Зээлийн хөрөнгөөс ширхэг цент гарахгүй өөрсдөө хийгээд байх шиг. Үйлдвэрийн шав нь хэзээ баригдах вэ? Дорноговь аймгийн Алтанширээ суманд энэ үйлдвэр байгуулагдаж байгаа. Гэтэл Сайншандад ажилчдын хотхон байгуулах гээд гааль, татварын хөнгөлөлт авах шаардлагатай юу? Зайлшгүй үндэслэл юу байна вэ?
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-Газрын тосны хэрэгцээгээ хангаж, гаднын хараат байдлаас гарах талаар МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өмнө нь Газрын тосны үйлдвэр баригдана гээд маш олон саад бэрхшээлтэй тулж байсан. Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр гээд хаагдсан. Олон газар ч үйлдвэрийн байршил яригдаж байсан. Монгол Улс дотоодын шатахууны хэрэгцээгээ бүрэн хангах ёстой гэсэн бодлого гарсан. Нэг тэрбум ам.доллар дээр технологийн хувьд бид ТЭЗҮ хийж санал болгосон. Олон улсын түвшинд түлш, шатахууныг тодорхой хангах үүднээс дахин судалгаа хийж, ашиглаж байгаа түлш, шатахууны хэрэгцээг хангах үүднээс Энэтхэг улсын Эксим банкнаас 236 тэрбум ам.доллар гаргуулахаар болсон. Дахин ТЭЗҮ хийх шаардлагагүй. ТЭЗҮ-ээ 11 сард хүлээж авна. 550 айлын хотхонтой холбоотой оффис, үйлчилгээ байх ёстой. Энэтхэгээс олон мэргэжилтэн ирнэ. Тийм учраас бид зардлаа хэмнэх үүднээс аймгийн төв дээр байршуулахаар шийдсэн. Цаашдаа ажилчдын орон сууц болгох төлөвлөгөөтэй явж байгаа. Хөгжлийн банкнаас 263 тэрбум төгрөгийн зээл авч дэд бүтэц хийгдсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Саваа бэлдэх гэж байгааг чинь ойлгож байна. Сааль чинь хаана байна. 1991 онд П.Очирбат гуай дээлээ гоёо болгоод бэлгэдсэн. Гэтэл 2007 онд Л.Болд гэдэг нөхөр Хятадуудад шилжүүлсэн. Гэтэл шударга сайд Ц.Нямдорж гэдэг нөхөр 1991 оны хууль үүнд хамаарахгүй гэж заасан. Дотоодын нөөц хаанаас авах гээд байгаад ойлгохгүй байна. Ц.Нямдорж хууль мэдэхээс газрын тос мэдэхгүй. Бид дотоодын нөөцөн дээр суурилж газрын тосны үйлдвэр барих хэрэгтэй. Газрын тосны үйлдвэрийг нэг тэрбумаар бариад ямар ашигтай вэ? Саальгүйгээр сав бэлдэж яах гээд байна вэ?
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэж үнэн. Яамны зүгээс судалж Засгийн газарт асуудал оруулна. Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараагаар асуудлаа оруулж ирнэ. Петро чайна компанитай холбоотой олон сонирхол явж байсан. Сонирхлыг нь бид тасална гэж бодож байгаа. Манай газрын тос маш сайн. Бид Дорнод Монголын бүс нутгаар эрэл хайгуул үргэлжлүүлж, нөөцөө баталгаажуулах шаардлагатай.
Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
Уншиж байна |