Улирлын томуугийн эсрэг вакцинд 77 мянган хүн хамрагджээ
10-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна.

 

Тухайлбал улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм.

 

Энэ сарын 21-ний байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 4600 хүнийг хамруулахаас 4445 хүн, цэцэрлэг болон асрамжийн төв, эрсдэлт бүлгийн 93.280 хүүхдийг хамруулахаас 67.511 хүүхэд, эрүүл мэндийн 6150 ажилтныг хамруулахаас 4623 хүнийг хамруулжээ.

 

Мөн Багануур, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 656 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд нийт 77.235 хүнийг дархлаажуулаад байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин