Ч.Улаан: Усалгаатай тариаланг хөгжүүлэх бололцоо бий
2019-10-24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулав. Уг хуулийн төслөөр тарьсан ургамлын гентекийн нөөцийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэжээ. Шинэ сортыг хамгаалах асуудлаар олон улсын конвенцид нийцүүлсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

 

-Орон нутагт усалгаатай тариалан хөгжүүлэх бүрэн боломж байна. Тийм учраас өвөл өвс хэрэглэхдээ тухайн сумандаа услалттай тариалан хэрэглэх талаар мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ талаар яам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ? Малчдад хөнгөлөлттэй санхүүжилт олгох боломж байна уу?

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 

 

-Энэ жил гаднаас өвс, хадлан бэлтгэх хөрөнгө мөнгө тусгагдаагүй. Орон нутагтаа өвс, хадлангаа бэлтгэнэ. Хадлан бэлтгэх ажил 80-аад хувьтай явж байна. Бусад сумдын нутагт бэлтгэсэн хадланг худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Өвс, хадланг дотоодын хүчээр бэлтгэнэ. Гаднаас авахгүй. Урьд нь нэг удаа гаднаас өвс хадлан авсан нь өнөөдрийг хүртэл маргаан дуусаагүй. Усалгаатай тариалан бэлтгэх бололцоо, нөхцөл бий. Энэ  жилийн хувьд цаг агаараас шалтгаалаад ногоон тэжээл нэлээд бэлтгэсэн. 50-60 мянган тонн ногоон тэжээлийн нөөц бэлтгэсэн. Аймаг, сумдын нөөцөд авна. Цаашид орон нутагт усалгаатай тариалан бэлтгэхийг бүхий л талаар дэмжинэ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

 

-Бид таримал ургамлын шинэ сортыг бүтээх, Монгол Улсад нутагшуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монгол Улс маань цаг уурын таатай бус бүсэд оршдог. Тарималжуулаад ургуулах нутаг дэвсгэр хязгаартай. Нутаг дэвсгэрийн 7 орчим хувьд тарьж болж байгаа. Гэтэл уламжлалт мал аж ахуйд байгалийн сорилт ирж байгаа. Тиймээс бид олон төрлийн ургамлыг тарималжуулах шаардлага бий болж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Газар тариалангийн бүс нутагт энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлага байгаа учир хуулийн төслийг дэмжиж байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

 

-Монгол улс 500 мянган га-д тариалалт хийж, 3 сая иргэнээ үр тариагаар хангаж байгаа юм. Өнөөдөр бид га-гаас жил үр тариаг 10-15 цент авч байна. Бид үр, сортын шинэчлэл хийж усалгаагаа нэмэгдүүлвэл 30-40 цент үр тариа авах боломжтой. Тийм учраас энэ хуулийн төслийг дэмжиж байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн 62.2 хувийн саналаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин