Амьдралын амт: Жүжигчнээс “нинжа” болсон түүх
10-25

Амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж хууль бусаар газар ухан, эмх замбараагүй бужигнаж байсан “нинжа” хэмээгдэгч иргэд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоол, 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдсанаар өнөөдөр “нинжа” биш уурхайчид болоод буй.

 

Амьдрахын төлөө гэсэн асар том шалтгаанаар аюултай бүхэн рүү амь өрсөн зүтгэсэн түмпэн хүрзтэнгүүд өнөөдөр нөхөрлөл хоршоо байгуулж, сум орон нутагтайгаа гэрээ хийн зохих газарт журмын дагуу олборлолт явуулж, улсад татвар, шимтгэлээ төлдөг нийгэмд хэрэгтэй хүмүүс болсон. Энэ тухай өмнө нь ЭНД бичиж байв.

 

“Урьдын аймшигтай үеэ бодоход амьдрал сайхан байна”

 

Тэдний нэг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Шижир хишиг” нөхөрлөлийн ээлжийн ахлагч Э.Нармандахтай  хуучлах боломж олдлоо. СУИС-ийг орхиж “нинжа” болсон. “Нинжа”-гаас бичил уурхайчин болсон тухайгаа тэр нууж хаалгүй хөөрөлдсөн юм.

 

 

Амьдрал олон өнгөтэй. Авьяас, мэдрэмж нь байгаад СУИС-д 2008 онд жүжигчин, найруулагч мэргэжил “өвөртлөхөөр” элссэн түүний өмнө сургалтын төлбөр гэх тойрч боломгүй том даваа тулгарчээ. Гуравдугаар дамжаа хүртэл суралцаад аргагүйн эрхэнд сургуулиа орхиод жүжигчин болох мөрөөдлөө тээгээд нутаг буцав.

 

Хөдөөгийн сум суурингийн хөгжил тааруу. Хүн ам цөөн. Тэр хэрээр ажлын байр хомс. Түүнд нутагт нь хийх ажил олдсонгүй. Удалгүй нутгийн бүсгүйтэй амьдрал зохиож бяцхан үрээ өлгийдөв. Өмнө нь ганц бие эр хүн болоод л байж. Харин бяцхан үрээ өлгийдсөн тэр өдрөөс амьдралын хэрэгцээ, шаардлага нэмэгдсэн тул “нинжа” болжээ.

 

Энэ тухай тэрбээр “Надад Хүүхдийн ордоноос аваагүй медаль цөөн. Би үнэхээр сайн жүжигчин болох байж уу гэж хааяа харуусна. Гэсэн ч төлбөр төлөх боломж байгаагүй учраас сургуулиа орхисон. Дараа нь цэрэгт явсан. Халагдаж ирэхэд сум орон нутагт үнэхээр ажил олдоогүй. Үнэндээ суманд архи уухаас өөр ажил олддоггүй байлаа. Эхнэртэй, хүүхэдтэй ч боллоо. Нялх амьтан уйлаад байхад би яаж зүгээр суух юм бэ. Ингээд л  “нинжа” гэгч ажилд ханцуй шамлалаа. Хэцүү шүү дээ. Хөөлгө туулга ирэх вий гэж байна. Хамгийн хэцүү нь үргэлж амиа алдчих вий л гэж эмэээж явдаг байлаа. Нүхэнд орчихсон байж байтал яг хажуугийн нүхэнд орсон нэг нь хөл, гараа хугалчихлаа гээд л орилох жишээтэй. Энэ бол энгийн байдаг л үзэгдэл болоод байв. Хариуцах эзэн ч үгүй жинхэнэ “самардаг” байсан. Яг энэ үед бичил уурхайн хууль дүрэм хэрэгжиж эхлээд нэгдсэн зохион байгуулалтад орсон. Миний хувьд 2014 оноос хойш бичил уурхайд ороод өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Хэзээ, хаанаас алт олдох бол гэж сохор азанд найдаж явах биш ажилтай, цалин мөнгөтэй ч боллоо. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж эхэллээ. Энэ хэрээр бүхий л халамж үйлчилгээнд хамрагдаж чадлаа. Урьдын аймшигтай үеэ бодоход өнөөдөр амьдрал сайхан байна” гэлээ.

 

Тэр “нинжа” хэмээн нэрийдэж явсан цаг хугацааг дурсах дургүй  бололтой. Хаа холоос санаа алдаад, толгой сэгсрэх аж.

 

“Хамгийн сайхан нь ажлын байр. Залуу хүн байна даа гээд “нинжа” хийхээ байгаад ажил олж хийе гэхэд хөдөө орон нутагт үнэхээр ажлын байр байдаггүй. Харин бичил уурхайн шугамаар нөхөрлөл, хоршоод байгуулагдсанаар хөдөө, орон нутгийн залуус заавал хот руу тэмүүлэхгүй нутагтаа ажиллаж, хөдөлмөрлөөд ар гэрээ аваад явах боломж бүрдсэн. Бичил уурхайчид нэрийн дор нүдэн дээр л залуусын амьдрал өөрчлөгдөж, өнгө нэмж эхэлсэн шүү. Хүн цалинтай, орлоготой болоод ирэхээр яах аргагүй амьдрал сайжирдаг юм билээ. Нэгдсэн зохион байгуулалтад ороогүй байхад аймшигтай хар дарсан зүүд шиг өдөр хоногууд олон байлаа. Бичил уурхайчин залуусын төлөөлөл болж буй хүний хувьд хэлэхэд ажлын байраа хадгалаад цаашид илүү хөгжих хүсэл сонирхол бидэнд байна” гэдгийг Э.Нармандах онцолсон юм.

 

Тэр зөвхөн төлөөлөл. Түүний цаана “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулалтад орж хуулийн дор амьдарч, амжиргаагаа залгуулж буй 10 мянган уурхайчин бий. Тэдний 55 хувь нь эмэгтэйчүүд. Эдгээр уурхайчин эмэгтэйчүүдийн 20 хувь нь өрх толгойлсон ээжүүд.

 

Үр хүүхдээ, өр зээлээ бодоод “нинжа” хийж явсан ч өнөөдөр захирал болсон өөр нэгэн түүх

 

Мөн л “нинжа”-аас захирал болсон сэтгэл тэнүүн тавилангийн эзэн Ховд аймгийн Алтай сумын “Гоолингоо” цехийн захирал П.Мөнхзаяатай ярилцлаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө нөхрөө автын ослоор бурханд “алдаж” гурван хүүхэдтэйгээ өнчирч үлджээ. Өнчрөл хагацлын зовлонг дааж ядан явсан түүнд өөр нэг сэтгэл түгшээсэн асуудал үлдсэн нь их хэмжээний өр зээл байв. Амьд сэрүүн байхдаа нөхөр нь өндөр дүнтэй зээл авч, гэргий нь хамтран зээлдэгчээр оржээ. Харамсалтай нь зээлдэгч амь насаа алдсан тул зээлийг хамтран зээлдэгч төлөх нь зайлшгүй. Гурван хүүхдээ өлсгөж, дааруулахгүй өсгөх хариуцлагаас гадна сар бүр нэхэгдэх зээлийн төлбөрийг хэрхэн хаанаас олох тухай толгой гашигласан бодол нь түүнийг “нинжа”-ийн замд хөтөлжээ.

 

 

П.Мөнхзаяа “Гурван хүүхдээ тэжээхийн тулд төрийн албанд ажиллаж, алт ухаж ч үзсэн. Би төрийн албанд нярав байсан. Цалин амьдралд хүрэлцэхгүй байсан тул даргаасаа ажлынхаа хажуугаар цэвэрлэгчийн ажлыг давхар хийе гээд гуйж байлаа. Ганц хүний цалин хаанаа ч хүрэхгүй байсан тул гар аргаар алт олборлож эхэллээ. Энэ ажил эмэгтэй хүмүүст дэндүү ахаддаг. Тухайн үед хэзээ үхэхээ мэдэхгүй л явдаг байлаа. Зөвхөн би биш амьдралаа авч явах гэсэн өрх толгойлсон олон эмэгтэй бий. Ингэж явтал нөхөрлөлийн хэлбэрт шилжин албажаад ирэхэд айж ичих зүйл үгүй болсон. Нийгмийн даатгал эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлаа мэддэг болж эхэлсэн. Нийгэмд хэрэгтэй хүн юм байна гэдэг мэдрэмж төрж ч байлаа. Яг тэр үеэс л юу хийх вэ гэдэг хүсэл, мөрөөдөл төрж, өөртөө итгэлтэй болж эхэлсэн” гэж ярилаа.

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлагдахад оролцоо өндөртэй ажиллаж, бичил уурхайчдын талаас ч, байгаль орчинд ээлтэй талаас нь ч үр нөлөөтэй олон заалтуудыг тусгуулж чадсан хүмүүс бол “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ныхон аж. Журам хэрэгжиж эхэлснээс хойш тус холбооны зүгээс хүнд хүчир уурхайн ажил эрхэлж яваа 600 гаруй өрх толгойлсон эмэгтэйг ажлын байраар хангах зорилгоор Канад сантай хамтран “Уурхайчнаас үйлчин бүсгүй” төслийг хэрэгжүүлжээ.

 

Энэ төслийн хүрээнд гурван аймгийн 7 сумын 21 эмэгтэйг бичил уурхайчнаас өөр ажлын байранд шилжүүлсэн байна. Төслийн үр шимийг амссан эмэгтэйчүүдийн нэг нь П.Мөнхзаяа. Энэ төслийн үр дүнд тэр “нинжа” ч биш, уурхайчин ч биш үйлчин бүсгүй болж өнөө харин Ховд аймгийн Алтай суман дахь “Гоолингоо” цехийн захирал болтлоо өсөн дэвжжээ.

 

Энэ тухай тэрбээр “Энэ төслийн хүрээнд бидэнд мөнгө биш оёдлын цехийн тоног төхөөрөмжийг олгосон юм. Оёдлоор сургаж, тоног төхөөржийг нь олгож сум орон нутагтай гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээний үр дүнд олон улсын төслөөс тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн бол орон нутгийн зүгээс ажлын байраар хангаж өгсөн. Манай сумын удирдлагын зүгээс 160 метр квадрат бизнес төвийн зориулалттай ч ашиглахгүй байсан барилга байгууламжийг надад хоёр жилийн түрээсгүйгээр ашиглах зөвшөөрөл олгосон. Ингэснээр өнөөдөр би “Гоолингоо” оёдлын цехийг үүсгэж, гурван өрх толгойлсон эмэгтэйг ажилд авч, түүний ард 11 хүүхэд амар тайван амьдарч байна. Хүнд боломж, нөхцөл ажлын байрыг нь хангаад өгч байхад дахиад алт ухна гэдэг бодол төрдөггүй юм билээ. Цаашдаа оёдлоо өргөжүүлээд  үйлдвэр болгож  олон эмэгтэйчүүдийг ажилтай болгохсон гэж зорьж явна. Үйлдвэрлэгч болохын төлөө зорилт тавин ажиллаж байна. Намайг ажлын байраар хангаж хүсэл мөрөөдлийг минь биелүүлж, гурван хүүхдийг минь хоолтой ундтай болгож өгсөн “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-нд талархал илэрхийлэхгүй байх аргагүй. Та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна” хэмээв.

 

Бичил уурхайчид гэж хэн бэ?

 

 

Тэд эрүүл газар хөнддөггүй. Томоохон уул уурхайн компаниудын алтыг нь сорчилж аваад онгичиж үлдээсэн жижигхэн талбайд ажил явуулж олон хүнийг ажлын байраар хангаж буй бичил бизнес эрхлэгчид гэж ойлгож болно.

 

Тэд хариуцлагатай. Хаа таарсан газраа ухаад орхих биш сум орон нутгийн удирдлагын зөвшөөрсөн талбайд ажиллаад эцэст нь нөхөн сэргээлт хийж байгалийг унаган төрхөөр нь хадгалдаг. Бичил уурхайчдын ашигласан талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн "балаг" огт үгүй гэдгийг "Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг хэлсэн. 

 

АМГТГ-аас улсын хэмжээнд бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой 2700 гаруй га талбай байгааг тогтоожээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 375 га талбайд л бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Энэ нь А лицензтэй нэг томоохон компанийн олборлолт явуулдаг талбайд ч хүрэхгүй хэмжээний жижигхэн газарт монголын бүх бичил уурхайчид олборлолт явуулж байна. Өөрөөр хэлбэл А лицензтэй компанийн ашиглах боломжгүй гээд орхисон талбайгаас 10 мянган хүн амьдралаа залгуулж явна.

 

 

Бичил уурхайчин гэж сэтгэл зүтгэл байвал 1 га талбайд 1500 хүнийг ажлын байраар хангаж болдогийг үлгэрлэж буй “газрын шарх” нөхөгсөд.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Геологи санги:
Эд нар бол хөдөлмөрч иргэд юм...харин эдний нэрэн доор нам дагасан нөхдүүд жинхэнэ сүйдлэдэг шүү дээ...салбараа гадны захиалагатай мөхөөж байгаа
2019-10-28
A Horloo:
Deever holboondoo bayrlaj yavdag bi bas Gandigin neremjit oedolin surgaltanad suraltsaad oedol hij baigaa holboondoo bayrlaj yavdag
2019-10-26
Зандан:
Бичил уурхайчид чинь цөлмөдөг нинжа нар
2019-10-25
бичил уурхайчидаа яаралтай өөр ажил амьдралтай болгохгүй бол болохгүй ээ. Учир нь бичил уурхай нэрээр хаа сайгүй дураараа олборлолт хийдэг жишиг тогтоод байна аа. 2700 га-д бичил уурхай явж байгаа гэдэг худлаа. Одоо алт, жонш, нүүрс гээд маш олон төрлийн ашигт малтмалын орд илрэлүүдийг сэглэдэг бичил уурхай буюу нинжанууд байна аа. Эдгээр нь зүй зохистой эрэл, хайгуул хийхгүйгээр дур зоргоороо ухаж малтаснаар тухайн ордыг сэглэх, цаашлаад байгаль орчинд маш их хор хөнөөл учруулж байна. Иймээс яаралтай нинжа нар болон бичил уурхай нэртэй техникжсэн нинжа нарын үйл ажиллагааг зогсоож өөр ажлын байртай болгох хэрэгтэй.
2019-10-25
зочин:
Бичил уурхайчдад төрөөс зорьсон газрыг нь зааж өгдөггүй,элбэг тархацтай газар зааж өгдөг.Тэрийг нь олдсон дээр нь гээд шууд ухаад байдаг л даа.Зорилгогуй баахан ухсан газар нь ашиг өгдөггүй тул шатаж эхэлдэг ийм дүр зураг үзэгдээд байгаа