Трампыг шоронд хорихыг уриалав
2019-10-28

 

Дональд Трамп бейсболын тоглолт үзэхээр ирэх үед цэнгэлдэх хүрээлэнд цугласан үзэгчид  "Түүнийг торны цаана суулга!" гэж хашгиралдан угтсан талаар  The Washington Post мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Трамп эхнэр Меланья Трампын хамтаар ням гаригт Вашингтон хотноо болсон Washington Nationals, Houston Astros  багуудын тоглолтыг үзэхээр ирсэн байна. Улмаар түүнийг үг хэлэх үеэр үзэгчид шүгэлдэн, "Трампын импичментийг зарла", "Шоронд хорь" гэх зэргээр хашгиралджээ.

 

Харин үүнд Трамп ямар нэгэн хариу өгөөгүй байна. 

 

Эргэн сануулахад, есдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилсан намынхан Трампыг Украины удирдлагад дарамт үзүүлсэн хэргээр импичмент буюу хугацаанаас нь өмнө огцруулах ажиллагааг эхлүүлсэн юм. 

 

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярих үедээ ирэх оны сонгуульд өөрийнх нь хүчтэй өрсөлдөгч болох Жо Байдены хүү Хантер Байдены удирдаж байсан Украины хийн компанийн эсрэг авлигын хэрэг үүсгэхийг Зеленскийгээс шаардсан гэх мэдээлэл ихээхэн шуугиан тарьсан.

 

Энэ мэдээлэл Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах ажиллагааны шалтгаан болсон бөгөөд гэхдээ Цагаан ордон утасны яриаг дэлгэхэд Украинд шахалт дарамт учруулсан гэдэг нь батлагдаагүй юм. 

 

Трамп огцрох уу?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин