Сагсчдын олимпийн эрхийг ирэх сарын 1-нд зарлана
2019-10-29

Ирэх баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр “Токио-2020” олимпийн наадмын эрхийг дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн багт хүртээнэ. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо одоогоор 3х3 төрлийн шигшээ багуудын чансаа бүхий вэбсайтаа түр хугацаанд идэвхигүй болгосон. 3х3 сагсан бөмбөгийн ертөнц бүхэлдээ зөвхөн ирэх баасан гарагийг л хүлээж байна.

 

 

Бид ч бас. Монголын эрэгтэй шигшээ баг дэлхийд 4-т, эмэгтэй шигшээ баг 5-д эрэмбэтэй яваа. Гэхдээ олимпийг зохион байгуулагч Японы баг аль төрөлд шууд эрхээ сонгохоос Монголын багийн хувь заяа шалтгаална. Япончууд эрэгтэй багаа гэвэл манай эмэгтэйд, харин тэд эмэгтэй багаа дэмжвэл манай эрэгтэй багт “Токио-2020” олимпийн эрх ирэх учиртай. Ямар ч тохиолдолд Монголын сагсан бөмбөг, сагсан бөмбөгчид баярлах өдөр нь 1-ний баасан гариг байх болно.

 

Монголын спортын түүхэнд ч гайхалтай өдөр болох биз ээ. Энэ үеэр зөвхөн эрх авах дөрвөн оронг зарлаад зогсохгүй. Үлдсэн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөх боломж бүхий 20 улсыг мөн нэрлэх гэнэ. Олимпийн нэмэлт эрхийн төлөө эхний тэмцээн 2020 оны гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэг улсад явагдахаар болсон. Тэнд эхний гуравт орж байж эрхээ авна.

 

Олимпийн эрхийн төлөөх сүүлийн тэмцээн 2020 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд зохиогдох тов гараад буй. Одоогоор хаана зохиогдох эсэх нь тодорхой бус байгаа юм.

 

Монголын тамирчдын хувьд одоогоор “Токио-2020” олимпийн таван эрхийг халааслаад байгаа билээ. Анх мэргэн бууч Ц.Анударь, Э.Даваахүү нар олимпийн болзлыг биелүүлсэн бол марафонч бүсгүй Б.Мөнхзаяа, чөлөөт бөхийн С.Батцэцэг (эмэгтэй 68 кг), Т.Тулга (эрэгтэй 65 кг) нар эх орондоо олимпийн тийзийг авчраад байна.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
DD:
Би багаа үхэн хатан дэмждэг. Тэгэхдээ энэ бүдүүн хүүхэн л илүү байгаа юм даа. Үүнээс илүү өндөр, сайн тоглодог охид, бүсгүйчүүд зөндөө л байдаг шүү дээ.
2019-10-30