Шолбан Кара-оол: Монгол Улс аж үйлдвэрийн хөгжил рүү эрчимтэй урагшилж байгааг харлаа
2019-10-30

Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчлаад буцсан. Тэрбээр нутаг буцсаныхаа дараа Оросын хэвлэлүүдэд айлчлалын талаар мэдээлснийг 19rus.info мэдээлснээр хүргэж байна. 

 

 

Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол Монгол улсад ихээхэн үр дүнтэй айлчлал хийгээд иржээ. Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай бүтэн нэг өдөр ажиллаж, шинэ төмөр замын байгуулах ажил, ирээдүйтэй тээврийн төслийн эргэн тойронд шинэ аж үйлдвэрийн дэд бүтэц хэрхэн бүрдэж байгаатай танилцсан байна. 

 

Урьд хожид байгаагүй ашиг сонирхол 

 

Монголын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт нэн үр бүтээмжтэй байсан талаар Тувагийн тэргүүн онцоллоо.

 

"Бидний уулзалт үр дүнтэй, ажил хэрэгч болж өнгөрлөө. Энэ нь Монголын Ерөнхийлөгч бидний дэвшүүлж буй санаачилгад анхааралтай ханддаг гэдгийг дахин харуулж байгаа юм" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн тэрбээр Тувад хэрэгждэг "Залуу гэр бүлд зориулсан кыштаг " /shuud.mn: Тува улсад залуу гэр бүлийн амьжиргааг дэмжих үүднээс малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг/ төслийг Х.Баттулга сонирхсонд гайхснаа нуугаагүй юм. 

 

Төмөр зам ба аж үйлдвэрийн салбар 

 

Монголын Ерөнхийлөгч албан ёсны уулзалтын өмнө бүтэн өдрийг Тувагийн тэргүүнтэй өнгөрүүлсэн нь гайхалтай байлаа. Тэд Монголын өмнөд хэсэгт байх тохилог, цэвэрхэн Сайншанд хотод ажиллажээ.

 

"Энэ хотын дэргэд шинэ төмөр зам барих ажил явагдаж байна" хэмээн Шолбан Кара-оол онцоллоо.

 

Төмөр зам барих ажлыг дотоодын мэргэжилтнүүд гүйцэтгэж байгаа нь Тувагийн тэргүүний анхаарлыг ихэд татжээ.

 

"Тэнд гагцхүү Монголын инженер ажилчид ажиллаж байна. Тэд яг л Зөвлөлтийн үе шиг эрч хүч дүүрэн ажиллаж байна. Хүмүүс  жил хагасын хугацаанд 414 км урттай төмөр замын салаа барина гэж чин сэтгэлээсээ итгэн, бүтээн байгуулах чин эрмэлзэлтэй байлаа" хэмээн Шолбан Кара-оол өгүүлжээ.

 

Түүнчлэн тэрбээр 2017 онд ашиглалтад орсон, "Монголын алт" компанийн цементийн үйлдвэртэй танилцжээ. Энэ үйлдвэр жилд 1,07 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

 

"Энэ үйлдвэр дээр мөн л нутгийн иргэд ажиллаж байна. Гагцхүү дөрвөн гадаад хүн л үйлдвэрлэж байгаа цементийн чанарыг шалгаж байна билээ. Монгол улс зам барьж, аж үйлдвэрийн хөгжил рүү эрчимтэй урагшилж байгааг бид харлаа" хэмээн Тувагийн тэргүүн өгүүлжээ. 

 

Тувагийн тэргүүн танилцсан өөр нэгэн үйлдвэр нь нүүрс баяжуулах үйлдвэр байлаа. Шолбан Кара-оолын өгүүлснээр энэ үйлдвэрт хөрөнгө оруулсан залуу хөрөнгө оруулагчид мөн л төмөр зам барьж дуусахыг хүлээж байгаа гэнэ.

 

"Тэд орд газрын эзэмшигчид биш, тэндээс нүүрс худалдаж авдаг. Энд баяжуулсан нүүрсийг  зүгээр ч нэг орлого олох биш ашиг хүртэнэ гэсэн найдлагатайгаар Хятад руу гаргадаг " хэмээн Шолбан Кара-оол өгүүлжээ.

 

Санаа нийлсэн уулзалт 

 

"Монголын Ерөнхийлөгч бид хоёр санаа нийлж байгааг би мэдэрсэн. Тэрбээр Алслагдсан аймгуудын дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд төмөр болон автозамын сүлжээг эрчимтэйгээр хөгжүүлэх зорилттой ажиллаж байна. Мөн Орос болон түүний бүс нутаг болох Туватай хамтран ажиллах үүднээс төмөр замыг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр барих төсөлд хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Кызыл-Курагино төсөлд нэгдэхэд бэлэн байгаа нь илт төдийгүй манай төсөлд нэгдэх хэд хэдэн хувилбар хэдийнэ боловсруулснаа дуулгасны дээр төмөр замын хувилбаруудыг авч хэлэлцэж байгаа гэсэн" хэмээн Тувагийн тэргүүн өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэр дагаар орсон дагаад явсан оросууддаа л хэл дээ. Бид тусгаар улс Орос улсын удирдлагатай л харилцана шүү дээ. Хэрвээ урианхайн хязгаар /тува/ манай нэг аймаг байсан бол аль хэдийн наад төмөр замыг чинь тавих л байлаа гэж.
2019-10-31
Erdenet ovootoos oor gazraar trass tatah bolomjgui tegeed hol bolchinn
2019-10-30
зочин:
Чааваас да..оросын тавиул Женkoев Xалтмаев Баттулгаа магтах гээд ядцан мэдээнцэр ...арай дэлгэрэнгүй орчуулж тавиач..
2019-10-30
бүс ба зам нь аж үйлдвэрийг хил дамнан
2019-10-30