Нэг сар хэрэгжсэн нийлэг уутны ХОРИГ
2019-11-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Нүүрс түлүүлэхгүй, нийлэг уутыг хэрэглээнээс хасна хэмээх Засгийн газрын шийдвэр өнгөрөгч хавар гарсан. Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах, худалдан борлуулахыг хориглох шийдвэр өнөөдөр хэрэгжиж буй ч нийлэг уутыг хэрэглээнээс хасах шийдвэр огт хэрэгжихгүй байна гэж хэлж болно.

 

Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.

 

Эхний ээлжинд зах худалдааны төвүүдээр үнэ төлбөргүй бүтээгдэхүүн савлаж өгдөг судалтай цэнхэр, улаан, цагаан уутнуудыг хориглосон. Гэвч эдгээр хориг нэг сарын хугацаанд дутуу хагас мөрдөгдсөн ч өнөөдөр хүнсний 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутыг худалдагчид болоод худалдан авагчид ч хэрэглэсээр л байна.

 

Тухайлбал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын шуурхай мэдээллийн утсанд иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 76 дугаар, 1047 тоотод байрлах “Хөвхөргийн гол” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0,017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг сав, баглаа, боодолд ашиглаж байж.

 

Илэрсэн зөрчилд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, шаардлага хангахгүй нэг удаагийн 5 нэр төрлийн 1049 ширхэг, 34.080 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, улсын орлого болгуулахаар Нийслэлийн Зөвлөлд хүргүүлсэн байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирэх гуравдугаар сараас нийлэг уутыг хилээр орж  ирэх үед хяналт тавьж,  худалдаа үйлчилгээнд хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авч  ажиллаж буй. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.

 

Манай улсад жилд дунджаар 13 тонн нимгэн нийлэг уут, 56 сая ширхэг гялгар тор импортоор орж ирдэг. Гэхдээ хэзээ ч буцаж гаралгүй хог болж хөрсийг бохирдуулан үлддэг байна.

 

Нийлэг уут нь олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт органик бодис юм. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог юм байна. Улмаар хөрсөнд он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлпөг. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл, хорт хавдрын хэмжээ ихсэх хандлагатай болсон. Энэ нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжлийнхэн үзжээ.

 

Нийлэг уутны энэ мэт хор хөнөөлийг олон жил ярьсаар хориглох шийдвэр гаргасан нь “хөрсөн” дээр хэрэгжихгүй байна. Зах, худалдааны төвийн худалдаачид хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүнээ торлосоор зогсоно.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
HUULI BATLUULSAN SDA NI MUNGUU AVAAD IDTSEN BGAA DAA
2019-11-06