Д.Лүндээжанцан: Элчин сайдын томилгоог цаг алдалгүй оруулж ирэх ёстой
2019-11-06

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс  ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваа, БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг БНПУ-д Б.Дорж,Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболд нарыг тус тус зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.  УИХ-ын гишүүн О.Содбилэгийн "БНСУ-д суух Элчин сайдын томилгоог яагаад оруулж ирсэнгүй вэ" гэсэн асуултад ГХ-ны сайд Д.Цогтбаатар: 

 

-Хоёр хөрштэй бид тэргүүлэх ач холбогдол өгсөн бодлого явуулдаг. Тэр утгаараа өндөр шалгуураар судалж үзэж байгаа. ОХУ-д Элчин сайд байхгүй учир энэ асуудлыг оруулж ирж байна. БНСУ-д суух Элчин сайдын асуудлыг Засгийн газарт өргөн барьсан байгаа гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Батболд: 

 

-Элчин  сайдаар томилуулахаар оруулж ирсэн нөхдийг дэмжиж байна. Та бүхэн маань сайн ажиллах туршлагатай хүмүүс байгаа. Дипломат албаны хууль ямар дархлаа, тогтвортой ажиллах боломжийг хангаж өгсөн бэ? Манай Л.Болд сайд сайн мэдэж байгаа. Сонгуулийн өмнө тулаад томилогдохоор сонгуулиар улстөржөөд явдаг. Зарим нь хуулийн хугацаа нь болоогүй байхад эргүүлэн татагдаж, дуудагдсан. Гадна талдаа яасан хариуцлагагүй этгээд вэ гэдэг. Олон газруудаас сонгууль болоход жил хүрэхгүй хугацаанд дуудагдаад ирсэн. Үүнийг хэр зохицуулж байна вэ? Манай үе үеийн ГХ-ны сайд нар мэргэжлийн хүмүүсээр томилуулах хүсэл байдаг. Үүнд хөрш орны хувьд улстөрчдийг томилох асуудал гардаг. Энэ удаад мэргэжлийн дипломатууд орж ирсэн учраас дэмжиж байна.

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: 

 

-2016 онд баталсан Дипломат албаны хуулийн дагуу томилогдож байгаа хүмүүс дөрвөн жил байхаар заагаад өгсөн. Ажлын шаардлага хэрэгцээгээр томилогдоод явсан хүмүүсээ ажлыг нь гүйцээж, дуусгах бодлого барьж байгаа. Бусад Элчин сайд нарыг ондоо багтааж оруулж ирэхээр ажиллана. 

 

УИХ-ын гишүүн Б.Ундраа: 

 

-Суугаа орондоо худалдааг өргөжүүлэх чиглэлээр яаж өргөжүүлнэ гэж бодож байна вэ? НҮБ-ын төлөөлөгчдийн газрын тухайд манайх Энхийг сахиулах ажиллагаанд манайх идэвхтэй ажиллаж байгаа. 

 

Куба Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдад нэр дэвшигч Ш.Батцэцэг: 

 

-Хэрвээ Кубад улсад Элчин сайдаар томилогдвол хавсран суух 6 газар байдаг юм билээ. Индонезид би АСЕМ-ийн 10 оронтой ажил хэрэг үүсгэдэг байсан. Харин Кубын орчимд байгаа өмнө зүгийн улс орон хол юм билээ. Гэхдээ хүрч ажиллахын төлөө зорилгло байгаа. Индонезид байгуулсан Монголын соёлын төв одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад би сэтгэл хангалуун байдаг юм. Монгол дуу, бүжиг заах үйл ажиллагаа явуулдаг. Харин Куба улсын хувьд бүгд төрийн өмчит газар учир эдийн засгийн харилцааг дээшлүүлэхэд асуудалтай. Гэхдээ миний хувьд хичээх болно. Хоёр талын харилцааг төрийн алба хооронд хөгжүүлэхэд анхаарч үзэж байна. Гэхдээ Куба улс аялал жуучлал маш өндөр хөгжсөн. Манайд аялал жуучлал явуулах саналаа тавьсан юм билээ. 

 

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваа:

 

-Хууль дүрэмд заагдсан үндсэн чиг үүргийн ажлаа хийхээс гадна эдийн засаг, худалдаатай холбоотой асуудалд онцгой анхаарч ажиллана. Стратегийн иж бүрэн түншлэлийг хэрэгжүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээр, тарифын асуудалтай холбоотой санаачлагыг гаргах бодол байгаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-6 нэр дэвшигчийг бүхэлд нь дэмжиж байна. Гадаадад ажиллаж байгаа Элчин сайдууд бол манай гадаад бодлогын төрийн аргамж, аюулгүй байдлын үзэл баримтлалыг ягштал баримталж явах ёстой. Энэ дотор анх удаа Элчин сайд болж байгаа хүмүүс ч байна. Өмнө нь Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүс ч байна. Хоёр хөрш дээр улс төрийн том зүтгэлтнүүд ажиллаж байсан уламжлал байгаа. Энэ бол заавал хэл, уснаасаа ч болдог юм биш. Эцсийн эцэст туршлагыг хардаг байсан. Солонгос Улсад Элчин сайд байхгүй. Монгол Улсын эрх ашиг гэж байгаа. Хүнд суртал томилгоон дээр байх ёстой. Гэхдээ арай хэтэрлээ. БНСУ-д Элчин сайдыг томилоогүй удлаа. Гадаадынхан гайхаж байгаа шүү дээ. Шат шатандаа Элчин сайдуудыг яаралтай томилж явуулах шаардлагатай. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Элчин сайдад нэр дэвшигчдийг томилохыг дэмжлээ. 

Н.Энх

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ОДОО ХЭДХЭН САР ҮЛДЛЭЭ.... ЯНЗ БҮРИЙН ТОМИЛГООГҮЙ ДУУСГАЧИХМААР БАЙНАА. 3 ЖИЛ 6 ЗУРГААН САР БОЛСЫН 6 САР БОЛЧИХ БАЙХ ӨӨ
2019-11-07
Олон долоон юм яриад атаархаж үхэх гээд байгаа энэ Лундааг Хойд Сллосгосд элчингээр явуул.
2019-11-06