“Хор баяртай” хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2019-11-28

 

Монголчууд халдварт бус өвчний тархалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Манай улсын хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчний шалтгаан эзэлж байгаа нь ийм таагүй “рекорд”-ыг эзэмшихэд хүргэжээ. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг нь тамхи. Зүрх, судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нас баралтын гол шалтгаан болдог өвчнүүд тамхинаас үүдэлтэй.

 

Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртөж байгаа нь халдварт бус өвчин аюулын харанга дэлдэхэд хүргэсэн байна. Түүнчлэн манай улсын нийт хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг бол эрэгтэйчүүдийн 49,1 хувь эмэгтэйтэйчүүдийн 23 хувь нь тамхи татдаг байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 63,1 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн гэсэн харамсалтай судалгаа гарчээ.

 

Тиймээс ЭМЯ, БСШУСЯ, НЗДТГ, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, Нийслэлийн Боловсролын газар, JCI МОНГОЛ байгууллага, JCI GRAND салбар байгууллага санаачлан “Хор баяртай” аяныг сарын хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо.

 

Уг төслийн зорилго нь ЕБС-ийн сурагчдад тамхиын хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг бууруулахад мөн төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэж байгаа аж.

 

Дэлхийн улс орнууд тамхидалтын эсрэг ийм зоримог шийдэмгий алхмууд хийж байгаа нь энэхүү утаат “идээн”-ий үнэ шалдаа бууж байхад манай улсад энэ төрлийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ бид оройтоогүй. Урьдчилан сэргийлж болох уршигт өвчинд нэрвэгдэхгүйн төлөө, эрсдэлт хэрэглээндээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавихгүйн тулд өнөөдрөөс анхаарах хэрэгтэй юм.

 

Shuud.mn
Сонин хачин