Я.Содбаатар: Сонгуулийн хуулиар сонгогчдын эрх ашгийг анхаарах ёстой
2019-12-16

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн төслийг хэлэлцсэн байна. УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулахыг МАН-ын бүлэг, удирдах зөвлөл дэмжжээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

 

-Өнөөдөр бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, тогтолцооны эцсийн шийдвэрийг гаргалаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийг 50:26 гэсэн хувилбарыг өргөн барьсан. 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүн улс нэг тойргоос сонгогдох хувилбар юм. Хуулийн төслийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хэлэлцээд дээрх хуулийн төслийг хоёр талаар учир дутагдалтай байна гэж үзсэн.

 

Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарч ирсэн. Иймээс бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. Сонгосон тогтолцоо нь 1992, 2008, 2012 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, лхагва гарагийн 15.00 цагаас Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногт багтааж сонгуулийн хуулийг эцэслэж батлах чиглэлтэй байна хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. "Томсгосон тойргоор явуулахад олны танил улстөрчид сонгогдох магадлал өндөр. Харин шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст халгаатай байх уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Сонгуулийн тухай хууль бол сонгогчдын эрх ашигт нийцэж байгаа эсэхт анхаарах ёстой. Мөн сонгогчдын санал гээгдэхгүй байх. Тиймээс сонгогчдын эрх ашиг талаас харвал шинэ хүн, хуучин олон жил сонгогдсон гишүүн, эсвэл аль нэг улс төрийн хүчин, парламентад суудалтай, суудалгүй намд ашигтай гэж хуулийн ач холбогдлыг ярьж болохгүй. Энэ утгаараа сонгуульд нэр дэвшиж байгаа аливаа иргэн, санал өгч байгаа иргэдийн эрх ашигт нийцсэн хууль байх ёстой. Энэ хууль нь орон нутгийн бүсчилсэн хөгжилд ашигтай хувилбар гэж үзэж байгаа хэмээн хариулав. 

 

Тойрог томсгосноор аймаг, дүүрэг нэг тойрог байна гэдгийг бүлгийн дарга тодотголоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин