Энэ онд дэлхий даяар 49 сэтгүүлч амиа алджээ
2019-12-18

2019 онд дэлхий даяар 49 сэтгүүлч амиа алдсан нь сүүлийн 16 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт гэж "Хил хязгааргүй сэтгүүлчид" сэтгүүлчдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагын тайланд онцолжээ.

 

"Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагын мэдээлснээр сэтгүүлчид ихэвчлэн Йемен, Сири, Афганистаны сөргөлдөөнийг сурвалжилж яваад амиа алдсан бөгөөд "сэтгүүлзүй аюултай мэргэжил хэвээр байна" хэмээн тус байгууллага мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн зэвсэгт мөргөлдөөн гараагүй орнуудад сэтгүүлчид амиа алдах тохиолдол өндөр, зөвхөн Мексикт гэхэд 10 сэтгүүлчийг хөнөөсөн гэж "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагын тэргүүн Кристоф Делуар цохон тэмдэглэжээ.

 

"14 сэтгүүлч амиа алдсан Латин Америк Ойрхи Дорнодын адил сэтгүүлчдийн амь насанд халтай бүс нутаг болж байна. Ардчилсан орнуудад ажил мэргэжлийнх нь улмаас сэтгүүлчдийг хөнөөх явдал нэмэгдсэн нь ардчиллын өмнө тулгарч буй том сорилт болж байгаа юм" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

"Хил хязгааргүй сэтгүүлчид"-ийн мэдээлснээр энэ онд амиа алдсан сэтгүүлчдийн тоо бага байсан ч торны цаана суух явдал нэмэгдсэн байна. 2019 онд 389 сэтгүүлч баривчлагдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 12 хувиар нэмэгджээ.

 

Баривчлагдсан сэтгүүлчдийн ихэнх нь Хятад, Египет, Саудын Араб улсынх байгаа бол одоогийн байдлаар дэлхий даяар 57 сэтгүүлч олзлогдсон, тэдгээрийн ихэнх нь Сири, Йемен, Ирак, Украинд барьцаалагдсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин