“Циркийн урлагаа Шинэ Зеландад таниулах амаргүй байсан”
2019-12-19

Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Харин түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэвэл хэн ч хүссэндээ хүрч чаддагийг харуулж яваа нэгэн гэр бүлийг энэ удаагийн” Миний Монгол” булангийн зочноор урьсан юм. Шинэ Зеландад ажиллаж, амьдраад 10 гаруй жил болж байгаа гурван хүүхэдтэй энэ гэр бүлийн  эзнийг О.Баярсайхан, гэргийг нь Х.Батдэлгэр гэдэг. Одоо амьдарч байгаа орондоо хоёр ч циркийн сургууль нээж циркчин болох сонирхолтой хүүхдүүдэд хичээл заадаг. Тэд Хөгжим бүжгийн коллежийг төгссөн юм.

 

-Шинэ Зеландад анх хэзээ очив?

 

-Бид 2008 онд “Weber brothers” цирктэй жилийн гэрээ байгуулж байлаа. Энэ хугацаанд Шинэ Зеландыг тойрон аялал хийгээд 2009 оны долдугаар сард Монголдоо буцаж ирсэн. Тэр үед цирк маань хувьчлагдсан учраас ажлаасаа халагдаж аравдугаар сард Шинэ Зеландад дахин ирсэн ч мэргэжлээрээ ажиллах боломж бага байсан. Тиймээс янз бүрийн ажил хийж үзсэн. Гэхдээ энэ оронтой ойрхон байдаг орнуудын циркийн сургуулиудад ажилд орохыг хүссэн захидал бичин илгээсэн. Үүний үр дүнд 2012 онд Австралийн  Брисбан хотын циркийн сургуулиас ирж ажиллах урилгыг хүлээн авсан. Тэнд гурван жил ахлах багш, ерөнхий дасгалжуулагчаар ажиллаад эндээ буцаж ирсэн.

 

-Циркийн сургуулиа хэдийд нь нээсэн юм бэ?

 

-Тэндээс буцаж ирснийхээ дараа зориглоод 2015 онд Аукланд хотод энэ сургуулиа нээсэн дээ. Тэр циркт ажиллаж туршлагатай болсон нь эхнэр бид хоёрыг циркийн сургуультай болох мөрөөдөл минь биелэхийн эхлэл болж өгсөн гэж боддог.

 

-Сургуулиа нээчихлээ. Бэрхшээл их байсан уу?

 

-Энд циркийн урлаг их хойно явдаг болохоор хоёулаа сургуулиа таниулах гэж их зүтгэсэн шүү. Дөнгөж нээж байсан болохоор байраа олж түрээслэх, тоног төхөөрөмжөө олж суурилуулах гээд бэрхшээл байсан. Гэхдээ хамгийн гол хэцүү бэрхшээл нь циркийн урлагийг хүмүүст таниулах, өөрсдийгөө хэн ямар хүмүүс, юу заахыг зорьж байгаагаа ойлгуулах байлаа.

 

 

-Өөрсдийгөө таниулахын тулд юу хийв?

 

-Зар сурталчилгаа хийж эхэлсэн. Энд хэн ч биднийг танихгүй учраас хоёулаа хүсч байгаагаа өөрсдөө үзүүлж тайлбарлана. Сургууль дээр нь очиж үнэгүй заах зэргээр циркийн урлагийг үзүүлж, мэдрүүлэх бүх боломжийг ашиглаж үзүүлдэг байлаа. Түүнээс гадна айлуудын шуудангийн хайрцагт сурталчилгаагаа хийгээд л гүйж байсан минь саяхан юм шиг санагдаж байна. Мөн манай хүүхдүүд  Билгүүдэй, Анунгоо нар найзуудаа авчирна. Сургуульдаа зар тарааж, охин маань өөрөө үзүүлбэр үзүүлдэг байсан шүү.

 

-Их хичээл зүтгэл гаргажээ?

 

-Анх ирсэн ганц хоёр хүүхдэд бүгдийг заагаад явуулна. Нөгөө хүүхэд маань хоёр болоод ирнэ. Хоёр нь дөрөв, дөрөв нь найм болж ирэх гэх мэтээр зургаан сарын дараа гэхэд 100 гаруй хүүхэдтэй болчихсон байсан шүү. Одоо бол салбартаа 400 гаруй, саяхан нээсэн салбарт 200 гаруй хүүхэд хичээллэж байна. Манай  “Flipnfly” циркийн сургуулийн онцлог нь бид хүүхдүүддээ циркийн урлагийн бүх төрлийг зааж бүх төрөлд бэлэн байлгахыг зорьдог. Мөн бид хоёрын нэг амжилт бол энд байдаг эцэг эхчүүд үргэлж тусалж дэмждэгт байгаа юм.

 

-Монгол хүүхдүүд байна уу?

 

-Харамсалтай нь байхгүй байна. Охин Анунгоо маань мундаг циркчин шүү. Агаарын гимнастикийн бүх төрлийг хийдэг. Мөн уян биетэй учраас гар дээрээ зогсох тэнцвэрийн үзүүлбэрийг давхар хийдэг. Бид хоёр охиндоо эзэмшсэн бүх мэргэшлээ эзэмшүүлэх гэж байгаа.

 

-Шантрах үе байв уу?

 

-Яг тэгж бодож байгаагүй юм байна. Олон бэрхшээл тулгарч байсан ч хамгийн сайхан нь багаасаа циркийн урлагтай амьдралаа холбочихсон. Дуртай болохоор хоёулаа болгоно, удахгүй тэд ойлгоно гэж нэг нэгэндээ урам өгөөд гүйж байлаа. Шинэ Зеландад гол нь хүмүүс нэгнийхээ үгэнд итгэдэг. Түүнээс биш мянга гоё зар гаргаад ч ирэхгүй.

 

-Шавь нартайгаа тэмцээнд оролцож байв уу?

 

-Саяхан Австралийн олон улсын циркчдийн тэмцээнд 35 хүүхэдтэй яваад ирлээ. Охин Анунгоо агаарын гимнастикийн савдаг трапецний үзүүлбэрээр алтан медаль авсан. Бидний гарын шавь хүү Крис хүрэл медаль, тусгай шагнал авсан сайхан амжилттай оролцсон. Энэ нь ч манай хүүхдүүдэд том туршлага боллоо. Том циркт олон улсын хүүхдүүд мэргэжлийн насанд хүрсэн хүмүүстэй тоглох сайхан байсан шүү.

 

-Шинэ Зеландын Аукланд хотод амьдраад 10 гаруй жил болжээ. Иргэн нь болчихсон гэсэн үг үү?

 

-Бид дөрөв байнгын оршин суугч, бага хүү маань энэ улсын иргэн. Уг нь иргэн нь болох хугацаа болчихсон. Гэхдээ Монгол Улс хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй учраас байнгын оршин суугч гэж явдаг. Энд 20 гаруй жил амьдарч байгаа 7, 8 монгол гэр бүл бий. Сүүлийн үед хэлний курс, их, дээд сургуульд сурахаар ирсэн оюутнуудыг оруулаад 200 гаруй монгол хүн байдаг.

 

-Шинэ зеландчууд ямар хүмүүс вэ?

 

-Нутгийн уугуул иргэдийг нь маоти гэдэг. Бор царайтай, бидэнтэй адилхан гэр бүлсэг, нэгийгээ их дэмждэг. Мөн 1800 оны үеэр ирсэн англи хүмүүсийн удам ч бий. Ер нь их тайван, үүргээ ухамсарласан тусархаг, хуулиа дээдэлсэн хүмүүс. Гэр бүлээрээ амьдрахад их тохиромжтой орон гэж боддог. Бөгжний эзэн, Хоббит киноны ихэнх зураг авалтыг Шинэ Зеландад хийсэн байдаг. Том баяр гэвэл хоёрдугаар сард тусгаар тогтнолын өдөр, дөрөвдүгээр сард Улаан өндөгний баяр, зургадугаар сард Их Британийн хатан хааны төрсөн болон аравдугаар сард ажилчдын баяр болдог. Гэхдээ тэмдэглэхгүй, амардаг

 

 

-Тохиолдож байсан хөгжилтэй явдлаасаа сонирхуулаач?

 

-Олон зүйл бий дээ. Гэхдээ анх хоёр хүүхэдтэйгээ сурталчилгаа хийж гүйж байх үеэр нэг ээж хоёр хүүхдээ циркийн сургуульд чинь явуулъя гээд их сэтгэл өндөртэй ярилаа. Бид ч баярлаад хоёр хүүхдийг нь авах гэсэн хоёулаа байхаар их уйтгартай байна байх. Бас олон хүүхэдтэй болж харагдах, хоёр охиныг нь авч үлдэхийн тулд энд амьдардаг монголчуудаа хүүхдүүдээ өнөөдөр аваад ирээч гэж гуйж хүүхдүүдийг нь цуглуулж байлаа. Ингэж зүтгэж байснаа бодохоор гоё, хөгжилтэй санагддаг юм.

 

-Манай циркчид олон улсын циркэд ажиллаж байна. Энэ талаар юу гэж боддог вэ?

 

-Монголын цирк гайхамшигтай. Учир нь циркийн сургууль болон дэлхийд данстай хүмүүсийг бэлтгэж гаргадаг. Бид хоёр ч тэр тогоонд чанагдсан азтай хүмүүс. Мундаг багш нарын минь буян юм даа. Хамгийн гол нь тэр мундаг хүмүүсийг Монголд үнэлдэггүй учраас гадаадын циркт тоглож байна. Тэнд манай орны циркийн түүхийг биднээс илүү мэднэ. Манай циркчид дэлхийн циркт дээгүүр үнэлэгддэг учраас биднийг үнэлж, ажлын байр, өндөр цалин олгодог. Тиймээс хэн, хаана үнэлж байгаа газар руу нь явна шүү дээ.

 

-Монголдоо циркийн сургууль нээнэ гэж боддог уу?

 

-Бодолгүй яахав. Цаг хугацаа харуулах байх. Монголд циркийн сургууль, дугуйлан олон байгаа. Хамгийн гол нь тэр олон хүүхэд төгсөөд ажиллах орон байр байхгүй нь тиймхэн санагддаг.

 

-Хэзээ эх орондоо буцаж ирэх вэ?

 

-Жил болгон очих санаа байдаг. Гэхдээ их холоос гадна энэ сургуулиа нээх гээд зав багатай байлаа. Мөн бүх юмаа бид гардан зааж, үйл ажиллагаагаа явуулдаг болохоор их ажилладаг. Харин ирэх жилийн долдугаар сард очиж бага хүүхдийнхээ даахийг үргээхээр төлөвлөсөн. Түүнээс гадна  Хөгжим, бүжгийн Циркийн сургуулийн маань 20 жилийн төгсөлт, циркийн урлаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиох юм. Мөн Монголын мундаг багш нар энд циркийн сургуулиа нээгээд, сайн сайхан явж байгаа бидэнд их хувь нэмэр үзүүлсэн гэж дахин хэлэхийг хүсч байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Х.ОЮУНБОЛД

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайн байна. Монголчууд ийм л байх ёстой. Улам их амжилт хүсье?
2019-12-19