Цөлийн суурингаас дэлхийн шилдэг болсон Дубай
2019-12-20

 


Нэгэнтээ цөлийн дунд багахан суурин байсан энэ хот өнөөдөр чинээлэг зочид, хараа булаасан өнгө үзэмжээрээ алдартай. Энэ бол Дубай хот. 


Дубайн өнгөрсөн үе 

 

Ойролцоогоор есөн мянган жилийн тэртээ Персийн булангийн энэ эрэг ойгоор хүрээлэгдсэн байсан ч он цагийн уртад эргийн шугам өөрчлөгдөн, нэг талаас цөл, нөгөө талаас тэнгис тулж иржээ. Энэ нутагт анх МЭӨ 3000 онд суурьшил үүссэн гэх бөгөөд мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид түр хугацаанд оршин суудаг байж. Хожим нь хөдпөө аж ахуй эрхлэн, үүний зэрэгцээ сувд олборлож, загас агнуур эрхэлдэг байжээ. 


“Дубай” гэх үг нь арабын “залуу дэвхрэг” гэх үгнээс гаралтай гэсэн хувилбар байх бөгөөд нэгэнтээ энэ зах хязгаарт энэхүү шавж олноор нутагладаг байсан гэх. 


Дубай хотын үндсийг Абу-Дабигаас ирсэн Бани Яс XVIII зууны сүүлээр тавьжээ. Дараагийн зуун жилд энэ нутаг дэвсгэр Их Британийн нөлөөлөлд байж, XX зууны дунд үе хүртэл Нэгдсэн Вант Улс Дубайн бодлогыг ямар нэг байдлаар тодорхойлдог байв. Мөн англичууд Персийн булангаар тэнгисийн тээвэрлэлт хийх монопол эрхтэй байжээ. 


Европчууд ноёлдог байсан ч гэлээ Дубайн уугуул иргэд ахуйгаа хадгалан үлдэж чадсан бөгөөд өдгөө энэ хотоос хуучны барилга олох боломжгүй ч эртнээс хадгалагдан үлдсэн уламжлал соёл англичуудын нөлөөлөлд нэг их өртөлгүй хадгалагдан үлдсэн байна. 


Дубай 1892 онд Их Британийн харьяаллаас гарчээ. Энэ хотын гол давуу талуудын нэг нь газарзүйн байрлал байв. Энэ хот Энэтхэг болоод Европын орнуудаас холгүй оршдог, тэнгисийн томоохон боомт байлаа. Тиймдээ ч энд худалдаачид олноор зорчдог байв. 


Нутгийн оршин суугчдын гол орлогын эх үүсвэр нь сувдны олборлолт байсан ч өнгөрсөн зууны гучаад онд япончууд хиймэл сувдны үйлдвэрлэл эхэлснээр мөнгө олох энэхүү уламжлалт арга уналтанд оржээ. 


Худалдаа, газрын тос жижиг хотыг худалдаа-цэнгээний төв болгосон нь 


1940-өөд онд Дубайн захирагч шейх Саид ибн Мактум гадаад эдийн засгийн харилцааг түшиглэж, Дубайн боомт энэ шейхийг удирдах хугацаанд томоохон хот болон өргөжиж, хүн ам нь хэд дахин өсчээ. 


Энэ үеэр Персийн буланд газрын тос хэдийнэ илэрсэн бөгөөд 1966 онд Дубайд  ч газрын тосны орд газар нээгджээ. 


Хар алтны олборлолт, боловсруулалт эхэлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан, хөрөнгө оруулалт эрс өсөв. Эмиратын орлого, үүнтэй зэрэгцээд нутгийн хүн амын орлого ч өслөө. 


Татвар ноогдуулах нөхцлийг хөнгөвчилснөөр худалдаа эрхлэгчдийг татав. 1990-1991 оны хооронд болсон Персийн булангийн дайн ч тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Дубай энэ үеэр бусад улс орнуудын зэвсэгт хүчнийхэнд түлш, бусад төрлийн газрын тосны бүтээгдэхүүн идэвхитэй нийлүүлж байлаа. 


Ерээд онд ирээдүйн нийслэлийн суурин дээр цөөн давхартай, нэг их анхаарал татахааргүй хот байсан бол цаашлаад эдийн засгийн хөгжил нь нэг ч өдөр зогсдоггүй, өсөн дэвжиж буй хот болсон юм. 


Дубайн эдийн засаг шейх Саидыг бие барсны дараа ч хөгжсөөр байсан бөгөөд энэ нь эрх баригч гэр бүлийн бодлого өөрчлөгдөөгүйтэй холботой аж. 


Баялаг, тансаглал 

 

 

Дубай баян чинээлэг хүмүүсийг татснаар хөрөнгө нэмэгдүүлнэ гэж тооцоолсон, үүгээрээ ч алдаагүй. Энэ хотод мөнгөө үрэхээр  эсвэл хөрөнгө оруулахаар ирсэн хүмүүсийг хаан мэт угтан авдаг. 


Харин хөрөнгөгүй нэгэн энд хийх юм огт байхгүй. Ихэнх оронд байдаг шиг дэд бүтэц энд үгүй, хувийн машингүйгээр хотоор явах тухгүй, зун нь хэт халуун , явган зорчигчид, нийтийн тээврийн зорчигчдод зориулсан нөхцөл нь тун муу. 


Эмиратад төрсөн хүмүүс хангалуун амьдрах бөгөөд харин чухамхүү сайныг худалдан авахаар ирсэн хүмүүст энд толгой эргэм их боломж бий. Дубайд “хамгийн” гэх тодотголтой зүйл олон, дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халиф, дэлхийн хамгийн том худалдаа-цэнгээний төв Дубай-молл, долоон одтой зочид буудал болох Бурж-эль-Араб гэх мэт. 


Харин түүхэн дурсгалт газар үзэх сонирхолтой аялагчдад энд сонирхлыг нь татах зүйл ховор. Дубайд эртний барилгууд байхгүй, гэхдээ өнгөрсөн зууны загасчдын тосгоныг дуурайлган барьж, тухайн үеийн уур амьсгалыг тодоор харуулсан бүс бий. 

 

Сүүлийн жилүүдэд Дубай эрс өөрчлөгдсөн. Өдгөө энэ хотыг асар өндөр үнэтэй байрнууд, үнэтэй усан онгоц, дэлхийн шилдэг зочид буудал, зоогийн газрууд, дуулдаг оргилуур, гэрлийн шоугүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ бүхэн нь чинээлэг жуулчдыг татах арга. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Колоничлогч Британитай 34/66 гэрээ хийсэн бол ингэж хөгжих байсан болов уу даа.
2019-12-21
irgen:
manaih dutahaargui ih baylagtai bolovch muu tortei 30 jil yavj yuch hogjsongui, hudlaa baahan chanargui yzemjgui bairuud shavaad haychihsan, gudamjaa zeverlehch sohoo baihgui….
2019-12-20