Үнэмлэхүй олонхи спикерээ огцруулж, Үндсэн хуулиа ч  өөрчлөв
2019-12-24

 

2019 оны улс төр ширүүхэн эхэлж, шинэчлэлт, өөрчлөлттэй өндөрлөж байна.

 

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, Г.Занданшатарыг сонгов

 

 

Энэ парламент спикерээ өөрчлөхөөр намрын чуулганы хуралдааныг гацаасаар шинэ онтой золгосон. Төрийн хямралаар үргэлжилсэн энэ тэмцэл сар шинийн өмнө үнэмлэхүй олонхи 64 суудалтай эрх баригч хүчин МАН-ын экс дарга, спикер  М.Энхболдыг огцруулж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонгосон. Шинээр сонгогдсон  УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хуулийн хугацаанд хааж, үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг хуралдуулж, хугацаа алдсан асуудлуудаа хэлэлцүүлсэн юм.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулав

 

 

Эцэг хуульдаа  20 жилийн дараагаар дахин өөрчлөлт оруулсан нь энэ жилийн төдийгүй энэ парламентын бүрэн эрхийн хугацааны онцлох түүхэн үйл явдлын нэг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өмнөх 2000 онд оруулсан “дордохын 7” өөрчлөлтийг засварлаж, парламентат засаглалыг сайжруулж, гүйцэтгэх засаглалыг тогтворжуулахад ахиц гарсан гэж хууль санаачлагчид дүгнэж байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөж эхлэх юм.

 

Оны хүндэт зочин

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Хойд хөршийн удирдагчийн манай улсад хийсэн айлчлал энэ оны анхаарал татсан, онцлох үйл явдалд тооцогдож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны айлчлалын хүрээнд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн 10 баримт бичигт гарын үсэг зурсан.  Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн  баримт бичгийг хугацаагүй болгож, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээснээрээ онцлогтой.

 

 

Сөрөг  хүчин бүлэггүй болж, УИХ-д ШИНЭ нам “мэндлэв”

 

 

Сөрөг хүчин АН УИХ-д 9 суудалтай байсан. Гэвч гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар намаасаа гарч, ШИНЭ нам үүсгэн байгуулав. УИХ-д 8 буюу түүнээс дээш суудал авсан улс төрийн хүчин бүлэг байгуулж, үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс УИХ дахь АН бүлэггүй болж, зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Харин намын гишүүнчлэлээсээ татгалзсан хоёр гишүүн парламентад ШИНЭ нам “төрүүлэн” үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

 

 

Томсгосон тойргоор явагдах УИХ-ын сонгууль

 

 

2020 оны УИХ-ын сонгуулийн хуулийг хуулийн хугацаанд баталлаа. Ирэх парламентын сонгууль олон мандаттай томсгосон тойргоор явагдана. Эрх баригчид улсын орны хөгжлийг харж, сонгогчдын эрхийг нэн тэргүүнд тавьж, мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулахаар шийдвэрлэснээ онцолж байгаа. Энэ удаагийн сонгуулийн хуульд сурталчилгааны хугацааг дөрвөөр нэмж, 22 хоног, сонгуулийн хандив хувь хүн 5 сая хүртэл, байгууллага 20 сая хүртэл төгрөг байхаарх, авлига, албан тушаалын хэргээр шийтгүүлсэн бол нэр дэвшихийг хориглох, сонгогчийн хуруун дээр санал өгсөн тэмдэглээ хийхгүй байх зэрэг өөрчлөлт орсон билээ.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин