2019: Нөгөө ертөнц рүү "яарсан" АЛДАРТНУУД
2019-12-26

Оны үр дүнг тооцохдоо зөвхөн ололт амжилт, сайн эерэг мэдээллээс гадна, алдагдал, гунигт үйл явдлуудыг ч оруулдаг. Энэ онд олон алдартан нөгөө ертөнц рүү одсныг эргэн дурсаж байна. 

 

Мари Фредрикссон, Roxette

 

1990-ээд онд алдрын оргилд хүрсэн "Roxette"  поп-рок хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ алдартай, хөгжмийн зохиолч, дуу зохиогч, төгөлдөр хуурч Мэри Фредрикссон 12 дугаар сарын есөнд 61 насандаа таалал төгсөв.

Мэри хүнд өвчинтэй тэмцэж байсан бөгөөд 2002 оны есдүгээр сард тархины хорт хавдартай гэж оношлогджээ. Түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд нөхөн сэргээгдэх хугацаандаа Мэри уран бүтээлээ туурвисан хэвээр байсан юм.

Ингээд 2005 оны 10 дугаар сард бүрэн эдгэсэн, цаашид эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн албан ёсны мэдэгдэл гарч байв. Гэвч эмч нарын зөвлөснөөр тоглолтод оролцох боломжгүй болж, 2016 онд Роксет хамтлаг 30 жилийнхээ ойд зориулсан аялан тоглолтоо цуцалж байлаа.

 

Владимир Буковский

 

Тэрс үзэлтэн гэгдэх зохиолч Владимир Буковский 10 дугаар сарын 27-нд таалал төгссөн юм. Тэрбээр Зөвлөлтийн дэглэмийг эсэргүүцдэг "тэрс үзэлтэн" гэгддэг байлаа. Хориотой ном хадгалсан хэргээр шүүхээс ял сонсон, 12 жилийг шорон, сэтгэцийн эмнэлгийн албадан эмчилгээнд өнгөрүүлж байв. 

1970-аад онд барууны орнууд Буковскийг суллуулахын төлөө өргөн цар хүрээтэй ажиллагаа эхлүүлсэн бөгөөд улмаар ЗХУ  АНУ-д цаазлуулах ял шийтгүүлсэн Чилийн коммунист Луис Корваланаар сольж байжээ.  Буковский хожим нь дурссанаар, түүний гарыг гавлан Швейцар руу хүргэж, тэндээс тэрбээр Их Британийг зорьсон гэдэг. Их Британид тэрбээр сурж, ном бичин, Оросын сөрөг хүчнийг дэмжин, Европын холбоог шүүмжилдэг байв. 

 

Жак Ширак 

Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак есдүгээр сарын 26-нд таалал төгссөн. Тэрбээр 1960-аад оноос улс төрд орж, 2007 он хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаандаа Парис хотын дарга, хөдөө аж ахуйн сайд, ерөнхий сайдаар ажилласны дээр ерөнхийлөгчөөр улиран  сонгогдож байв.

 

Түүнийг хүчирхэг Францыг бүтээсэн агуу улс төрч гэж дэлхийн улс төрийн хүрээллийнхэн үнэлдэг. Ширакийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Франц улс Европын нэгдсэн валют болох еврод шилжсэн бөгөөд тэрбээр Ойрхи Дорнодод Америк, Британи дайн хийхийг эсэргүүцэн, эдгээр дайнд оролцохоос татгалзаж байв. 

 

Роберт Мугабе

Зимбабвегийн дарангуйлагч Роберт Мугабе энэ оны есдүгээр сарын зургаанд таалал төгсөв. Зимбабве улс дэлхий дахинаа "тэнгэрт хадсан" инфляциараа алдартай. 2008 онд энэ улсад инфляци 321 000 000 хувьд хүрч, нэг их наяд зимбабве долларын дэвсгэрт гарч байв.

Эдийн засгийн сүйрэл, авилга, хүний эрхийн зөрчил, 12 сая хүн амаас 10 сая нь нэн ядуу амьдардаг гээд энэ бүхэн нь Зимбабвег 40 жил удирдсан дарангуйлагч Роберт Мугабегийн "гавьяа".

Тариачны гэр бүлээс гаралтай, урлагийн бакалаврын боловсролтой тэрбээр Зимбабвегийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, Барууны орнуудыг шүүмжилдэг байсан ч төрийн эрхэнд гараад улс орноо цэцэглүүлж чадсангүй. Тэрбээр Зимбабвед гарсан цэргийн эргэлтийн дүнд суудлаасаа огцорсон юм. 

 

Питер Линдберг

Загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй гэрэл зурагчдын нэг Питер Линдберг есдүгээр сарын гуравны өдөр таалал төгсчээ. Тэрбээр 40 жилийн туршид загварын сэтгүүлүүд болон загварын нэр хүндтэй брэндүүдийн гэрэл зургийг авдаг байв.

 

Түүнчлэн тэрбээр Pirelli хуанлийн гэрэл зургийг гурвантаа авсан цорын ганц гэрэл зурагчин юм. Наоми Кэмпбелл, Линда Евангелиста, Кейт Мосс зэрэг олон алдартнууд гагцхүү түүний авсан гэрэл зургаар алдрын замд хүрэх эхлэл нь тавигдсан гэдэг. 

 

Тони Моррисон 

Нобелийн шагналт зохиолч эмэгтэй Тони Морисон наймдугаар сарын таванд таалал төгсөв. Тэрбээр 1993 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд энэ шагналыг гардуулахдаа Нобелийн хороо түүнийг "Америкийн бодит байдлын чухал хэсгийг амилуулсан" хэмээн онцолж байлаа. Энэ нь Африк гаралтай америк эмэгтэйчүүдийн амьдрал байлаа. Тэрбээр "Дурласан эмэгтэй" номондоо АНУ-ын Иргэний дайны өмнө боолчлолоос зугатан, дүрвэсэн боолуудын араас ангуучилж байсан хүмүүстэй таармагцаа охиноо хөнөөж өөрийгөө хороохыг оролдсон Маргарет Гарнер гэх эмэгтэйн бодит түүхийг өгүүлсэн юм. 

 

Рутгер Хауэр

Голладын алдарт жүжигчин, найруулагч Рутгер Хауэр долоодугаар сарын 19-нд таалал төгсөв. Өвөрмөц төрхтэй тэрбээр ихэвчлэн эсрэг дүрд тоглодог байлаа.  Түүнд Холливудын арга барил таалагддаггүй байсан гэх бөгөөд тиймдээ ч зохиогчийн кинонд тоглож, илүү сонирхолтой дүрүүдийг сонгодог байжээ.

 

Эх орон нь болох Нидерландад тэрбээр нэн алдартай байв. 1994 онд тус улсын кино урлагийн 100 жилийн ойгоор Рутгерын хөрөг, тоглосон киноных нь дүрсүүдтэй шуудангийн маркууд гаргаж байв. 

 

Франко Дзеффирелли

 

Италийн театр, киноны найруулагч Франко 2019 оны зургаадугаар сарын 15-нд таалал төгсөв. Кино урлагийн түүхэнд түүнийг сонгодог, утга зохиолы болон хөгжмийн төрлөөрх мэргэжилтэн хэмээн үнэлдэг. Тэрбээр Шекспирийн зохиолуудыг дэлгэцнээ амилуулж, Элизабет Тейлор, Ричард Бартон зэрэг домогт жүжигчидтэй хамтран ажиллаж байлаа. 

Франко Оскарын наадамд хоёронтоо нэр дэвшиж, BAFTA шагнал хүртэж байсны дээр Британийн эзэнт гүрний хүндэт хүлэг баатар цолоор шагнуулсан анхны Итали хүн байв. 


Ники Лауда 

 

Формула -1-ийн нисгэгч Ники Лауда 1970-аад онд аваргын титмийг хоёронтоо хүртэж, "домог" статус хүртсэнээр алдрын оргилд хүрсэн юм. Түүний амьдралаар хийсэн "Уралдаан" кино 2013 онд гарч байлаа. Тэрбээр 2019 онд 70 насандаа таалал төгссөн юм. 

 

Кит Флинт

1990-ээд оны гол зугаа нь хаус болон техно хөгжмийн аян дээрх дискотек байлаа. Харин энэ үеийн гол нүүр царай нь Британийн The Prodigy хамтлаг болон түүний гоцлол дуучин Кит Флинт байсан юм. 1997 онд гарсан The fat of the land хэмээх хамтлагийн гурав дахь цомог тухайн үед бүхий л шөнийн клубуудыг доргиож, шивээсээр биеэ чимж, нүүрээ будсан Кит  хамтлагийн эмоцийг илүүтэй гаргаж байв. Хэдийгээр тайзан дээр зэрлэг догшин мэт харагдавч амьдрал дээрээ сайхан сэтгэлтэй, эелдэг, өгөөмөр хүн байсан гэж найз нөхөд нь дурсчээ. Тэрбээр  2019 оны гуравдугаар сарын дөрөвний өдөр 50 насандаа таалал төгссөн юм. 

 

Карл Лагерфельд

Энэ онд хавдрын улмаас таалал төгссөн өөр нэгэн алдартан нь нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд.  Загварын хаан гэгддэг байсан тэрбээр дэлхийн хамгийн алдартай брэндүүдтэй бүх наснаар нь үйлчлэх гэрээтэйгээр ажиллаж байв. Лагерфельд хэзээ ч гэрлэж байгаагүй, түүгээр ч үл барам секс сонирхдоггүй хэмээн мэдэгдэж байжээ. 

Гэлээ ч тэрбээр номонд ихээхэн дурласан нэгэн байсан бөгөөд гэртээ 300 мянган номноос бүрдсэн номын сантай байжээ. 

 

Мишель Легран

 

Жеймс Бондын цувралууд, "Хэзээ ч бүү хэзээ ч гэж хэл" зэрэг Оскарын шагналт олон киноны хөгжмийг бичсэн Францын хөгжмийн зохиолч энэ онд 87 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр "Оскар"-т зургаан удаа нэр дэвшин, гурвантаа шагнал хүртэж, Грэммигийн шагналтнаар таван удаа тодорч байлаа. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин