Шинэ оныг шинэ кинотой угтаарай
2019-12-27

 

"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин СТА Д.Баттөмөр, найруулагч М.Энхдалай нарын хамтран зохиолыг нь бичсэн "Таарсан хоёр" уран сайхны кино 2020 оны нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийж бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх гэж байна.

 

Гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргал, амьдралын алдаа оноо, азгүйтэл бүтэлгүйтэл болоод амжилтын талаар өгүүлэх тус киноны гол дүрд "Маск" продакшны жүжигчин МУГЖ М.Баярмагнай, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин СТА Д.Баттөмөр нар тогложээ. Харин туслах дүрүүдэд МУГЖ Д.Гүрсэд, СТА А.Цэгмэд нарын ахмад жүжигчид тоглосон байна.

 

Мөн “Рэкет” уран сайхны киноны гол дүрд тоглосон төдийгүй дэлхийн хэмжээнд зохиогддог "Face of beauty international” миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон  жүжигчин Э.Урангоо, "Эмоци" продакшны жүжигчин шинэхэн СТА Б.Ариунцэцэг нар дүр бүтээжээ.

 

Түүнчлэн "Ээжээ Надтай Гэрлээч" киноны голд дүрд тоглож байсан Г.Ган-Очир, "Ерөнхийлөгчийн Туслах" , "Байрны Ах" , "Сайн Аав" киноны дүрүүдээрээ олны танил болсон И.Мөрөн, "Хайр", "Аз жаргал" зэрэг уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхийг уярааж чадсан төдийгүй тун саяхан "Оны онцлох хүүхэд"-ээр шалгараад буй Ц.Мичидмаа нарын бяцхан жүжигчид кинонд оролцон тогложээ. 

 

Эдгээр чадварлаг, мэргэжлийн жүжигчдээс гадна "Боловсрол суваг" телевизээс зохион байгуулсан "Гурван сая инээд" шоу нэвтрүүлэгт авьяас сорьж  "Шүүс, жүүс, зууш" хэмээх үзүүлбэрээр үзэгчдийн хайр, талархлыг хүлээсэн Батлан хамгаалахын их сургуулийн оюутан А.Сүхбат кинонд дүр бүтээснээр онцлогтой юм. 

 

Харин киноны ерөнхий найруулагчаар М.Энхдалай, ерөнхий зураглаачаар Г.Билгүүн нар ажилласан байна. 

 

2020 оны хамгийн анхны шинэ кино болох "Таарсан хоёр" уран сайхны киноны нээлт 2020.01.01-ны өдөр "Corporate Convention Centre"-т болсноор бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. Шинэ оныг шинэ кинотой угтаарай. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин