“Оны онцлох эдийн засагчид”-ийг шалгаруулав
2019-12-30

"Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб"-ийн шинэ жилийн баярын арга хэмжээ өнгөрөгч бямба /2019.12.28/ гарагт боллоо. Тус арга хэмжээний үеэр эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сэтгүүлчээс хамгийн олон санал авсан 2019 оны эдийн засгийн салбарын онцлох гурван эрхмийг тодруулав.

 

 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлж, Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж ил тод, нээлттэй болгох, 1072 хувьцааны ногдол ашиг, түүний үр шимийг олон нийтэд хүргэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлыг нь үнэлж Лүндэнгийн Наранбаатарыг 2019 оны онцлох эрхмээр шалгаруулав. 

 

Мөн Дэлхийн санхүүгийн музейг Монголд үүсгэн байгуулж, олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлсэн зэрэг үйлсийг нь үнэлж Өлзийбаярын Ганзоригийг эдийн засгийн салбарын онцлох эрхмээр тодрууллаа.

 

Түүнчлэн статистикийн тоон мэдээллийг олон нийтэд энгийн бөгөөд ойлгомжтой хүргэх, энэхүү мэдээллийн ач холбогдлыг таниулах сайн үйлс бүрийг нь тодотгож Аюушийн Ариунзаяаг эдийн засгийн салбарын оны онцлох эрхмээр шалгаруулав.

 

 

Мөн Хөрөнгийн зах зээлийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр “МонЦаМэ” агентлагийн сэтгүүлч Б.Болд, Үндэсний стратегийн хүрээлэнгийн нэрэмжит шагналыг Peak.mn сайтын сэтгүүлч Ц.Цэрэндолгор, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн нэрэмжит Ногоон эдийн засаг, Өрсөлдөх чадварын шагналыг “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Б.Баяртогтох, Shuud.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн, Улаанбаатар хотын худалдааны танхимын шагналыг "Тойм" сэтгүүлийн сэтгүүлч Б.Болор-Эрдэнэ, Швейцарын хөгжлийн агентлагийн нэрэмжит шагналыг "Mongolian Economy" сэтгүүлийн сэтгүүлч З.Цэлмэг нар тус тус хүртэв.

 

 

Эдийн засгийн сэтгүүлчдийг хөгжүүлэхэд үргэлж дэмжиж ирсэн Д.Ончинсүрэн захиралтай Улаанбаатар хотын худалдааны танхимын хамт олон, Х.Алтай захиралтай Монголын хөрөнгийн биржийн хамт олон, Б.Лакшми захиралтай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн хамт олон, эдийн засагч Б.Мөнхсоёл нар талархал дэвшүүлье.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин