Хяналт шалгалтаар “Чоко”, “Jewel” шөнийн клубээс зөрчил илэрчээ
2019-12-31

Хэвлэлийн мэдээ: Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн нэгдсэн шалгалт хийлээ.

 

 

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс архидан согтуурах, мансуурах явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэлдэхүүн байгууллагуудын хамт 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалтыг хийжээ.

 

Уг ажлын бүрэлдэхүүнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагууд хамтран хариуцсан чиглэлийн хүрээнд дүүргийн 3-5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 13 байгууллагад нэгдсэн хяналт шалгалт хийсэн байна.

 

 

Шалгалтын явцад байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 онд хамтран ажиллах Гурвалсан гэрээ”-ний хэрэгжилт, галын аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, байгууллагын аюулгүй байдал болон хяналтын камерын стандарт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа чиглэлээр шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх, арилгуулах, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох хүртэлх арга хэмжээг авч ажиллажээ.

 

Хяналт шалгалтаар “Чоко” шөнийн клуб, “Jewel шөнийн клубууд нь:

 

  • Аврах гарцыг хааж хашлага хийсэн, шатны хашлагагүй, цахилгааны утас ил гарсан зэргээр галын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаагүй,

 

  • Хяналтын камер нь “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий стандарт” /MNS 6423:2013/ын шаардлага хангаагүй буюу камерын бичлэгийг 7 хоногоор хадгалдаг,

 

  • Тамхины өрөө хууль бусаар гаргасан.

 

  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчиж 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, согтууруулах ундааг хадгалах, борлуулах, худалдах, үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүнийг авч ажиллуулсан,

 

  • Хүнсний эрүүл ахуйн стандарт зөрчсөн зэргээр Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрдөж ажиллаагүй зөрчилтэй байсан тул тусгай зөвшөөрлийг хураах, зөрчлийн тэмдэглэл үйлдэх, эд зүйлсийг хураан авах, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох зэрэг ажлуудыг хийж, зөрчлийг арилгах талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаа.

 

 

Цаашид салбар зөвлөлөөс энэ чиглэлийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах аж.

Shuud.mn
Сонин хачин