Австралийн түймэр ба АНХААРУУЛГА
2020-01-06

 

Австрали улсад дэгдсэн түймрийн утаа азаар биднээс хол ч амьд гарахын хүслэн болсон хүн, амьтдын хөөрхийлөлтэй гэрэл зураг цахим хуудсаар тархаж тив даяараа тэдэнд санаа зовнин сууна.

 

Австрали улсад урьд өмнө нь гарч байгаагүй түймэрт одоогоор 5.5 сая га талбай сүйдэж, 24 хүн амиа алдаж, 500 сая орчим ан амьтан үрэгдсэн тухай мэдээлэл байна. Мөн тус улсын бэлэг тэмдэг гэгддэг уутат баавгай коала 8000-аараа үхэж 10 сая хүн угаартсан гэх албан бус мэдээлэл ч бий. 

 

Австрали өндөр хөгжилтэй баян улс. Гэвч галын өмнө хүчин мөхөсдөж буйг бид харж байна. 2019 оны есдүгээр сард дэгдсэн түймрийг гурван сарын дараах байдлаар намжааж чадалгүй гурван ч удаа онц байдал зарлан ажилласаар байна. Үүнээс гал гэдэг санаанд багтдаг эд биш. гэдгийг ойлгож болно. Салхи ширүүсэх төдийд гал түймрийн чиг өөрчлөгдөж хоромхон зуур хүний амь нас эрсдэх, адаглаад угаартах, түлэгдэх аюултай. Ой шатах хэцүү ч түймэрт халуун амь дүйнэ гэдэг харуусал.

 

 

Австралид гарсан түймрийн аюул биднээс хол ч энэ бол анхааруулга. Бидэнд ч бас Австралийн түймэртэй жишиж болохуйц түймрийн аюул тун саяхан нүүрлэсэн удаатай. 2017 онд Монгол түмэн улсын хэмжээнд 20 гаруй түймэр дэгдсэн муу мэдээтэй, цээж хорсгосон гашуун утаатай өглөөг угтаж байлаа. Ассан түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсныг холбогдох албаныхан мэдээлж байв. 
 

Монголчуудын нэг засардаггүй зан хогоо ил задгай хаядаг явдал. Байгалийн сайханд амарч зугаалсан бол архины шилээ уутлаад авч явж сурмаар, татсан тамхиа бүрэн унтрааж дадмаар байгаа юм. Таны ой дунд орхиод явсан архины шил наранд халж, шаталт үүсгэдэг. Улмаар түймэр дэгдэх шалтгаан болдог гэдгийг ухамсарламаар байна.

 

Ерөнхий боловсролын сургуульд байхдаа физикийн хичээлд дээр нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байсныг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй нэгэн адил жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айрагны шил их үдийн наранд халж, ойн түймэр гарах нөхцөл болдог байна.

 

Хэрэв Австралид дэгдээд буйтай адил их хэмжээний түймэр манай оронд газар авбал хүн хүч, техник хэрэгсэлийн хувьд Австралийн хаана нь ч хүрэхгүй. Галын өмнө тэр хүчирхэг гүрэн хэрхэн хүчин мөхөсдөж буйг харж байна. Нисдэг тэрэг, нэмэлт хүч, хүчтэй техник хэрэгсэл нь байв ч түймрийг унтраахаар гурван сарын турш тэмцсээр л байна. Урьдчилсан байдлаар энэхүү түймрийг ирэх гурав, дөрөвдүгээр сарыг хүртэл бүрэн унтрааж чадахгүй гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа гэнэ. 

 

 

Монгол Улсад түймэр унтраахад ашиглах нисдэг тэрэг үгүй. 2017 онд Улсын хэмжээнд 22 газарт түймэр дэгдэхэд ОХУ-аас  түр “гуйж” “МИ 8” онгоцыг нь хэрэглэж байлаа. Иргэд хандив цуглуулж энэ онгоцыг бүр худалдаад авчихья хэмээж байсан ч  онгоц авлаа гээд түүнийг хэрэглэж, ашиглах орчин нөхцөл, онгоцыг хөдөлгөх боловсон хүчин нь одоогоор бүрдээгүй байна. 

 

Тиймээс бид хаа хаанаа болгоомжтой байх ёстой. Зуны улиралд аялж зугаалахдаа түймэр дэгдээх вий гэхээс үргэлж эмээж, хогоо ил задгай хаяхгүй, тамхиа бүрэн унтраагаад ишээ халааслаад буцахыг хичээх хэрэгтэй. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин