Ахмадууд онцгой эрхтэй атал амь зуух ч “тэнхэл” алга
2020-01-07
Гэрэл зургийг MPA.mn

 

16 жилийн өмнө дэлхийн хүн амын есөн хувийг эзэлж байсан ахмадууд 2014 онд 12 хувийг, 2050 он гэхэд 21 хувьд хүрэх төлөвтэй байгааг НҮБ-ын Дэлхийн хүн амын талаарх нөхцөл байдлын илтгэлд дурджээ. Харин Монголд 2040 он гэхэд хүн амын 16 хувь нь насжиж, хөдөлмөрийн насны хүн амд ногдох ахмад настны тоо нэмэгдэнэ. Энэ харьцаа 2010 онд 10:1  байсан бол 2040 он гэхэд 4:1 болох төлөвтэй байгааг судалгаа харууллаа. Зөвхөн эдгээр тоо баримт ахмад гэсэн “ангилал”-ыг алагчилж гадуурхах биш анхаарах цаг ирснийг илтгэнэ.

 

Манай улсад 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг  ахмад настан гэж үздэг. Статистикаас харвал 2018 оны эцсийн байдлаар 296.3 мянган өндөр настан байгаагийн 63.8 хувь нь буюу 202.3 мянган эмэгтэй байна. Харин тэдний 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг гэсэн баримт бий.

 

Манайх ахмадуудаа асарч, тэтгэдэг үзүүлэл­тээрээ олон улсад дээгүүр “давхидаг”.  Тухайлбал,  Дэлхийн насны хяналтын индексээс гаргасан мэдээллээр Монгол 208 улсаас 72 дугаар байрт оржээ. Харин ахмад настны ядуурал бага, халамжийн түвшин өндөртэй буюу бүс нутагтаа тэтгэврийн хэмжээгээр тэргүүлэгч улсуудын эгнээнд бичигддэг гэсэн байна. Үүнээс харвал Монголд ахмадууд шиг аз жаргалтай сэтгэл тэнүүн, нуруу амар байдаг хүн алга гэх. Гэтэл бодит байдал дээр олон улсын дүгнэлтээс хол зөрнө. Настнуудын 80 гаруй хувь нь гэр бүл, үр хүүхэд, ач зээтэйгээ хамт амьдарч байна. Үүнээс болж гэр бүлийнхээ гишүүд, үр хүүхэд, төрөл садангаараа асран халамжлуулж, эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг туслалцаа авч байдаг гэсэн судалгаа бий. Мөн салбарын байгууллагын мэдээллээр асрамжийн газарт амьдардаг настны тоо 2011 онд 327 байсан бол  2013 онд 335 болж өмнөх жилээс 7.3 хувиар өссөн. Энэ тоо жил ирэх тусам огцом нэмэгдэж буйг онцолжээ.

 

Монголчуудын дунд хэвшсэн буруу ойлголт бий. Настнуудын сэтгэл­гээний буруу хандлага буюу тэтгэвэрт гарах болохоор сэтгэлээр их унаж, “тэтгэврийн” болоод ирэхээрээ өөрийгөө гаргуунд нь хаяж хөгжихөө больдог гэх явдал юм. Харин үр хүүхдүүд нь эцэг эхийгээ асарч тойглохоос илүү арын ажлаа даатгадаг нийтлэг төрхтэй. Үүний уршгаар насаараа улс орон, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөсөн гавьяатнууд эрх чөлөөгүй, идэх хоол, өмсөх хувцас дутмаг, хамаатан садныхаа хажуу хавирганд наалдаж амьдарна. Төрөөс харж үздэг халамжийн хэдэн төгрөгөө ч бүрэн авч чадахгүй гундаж яваа настууд хэд байгаа бол.

 

Монголд ахмадуудыг асарч, халамжлах, хөн­гөлөлт эдлэх хууль дутаагүй. Хамгийн сүүлд гэхэд 2017 онд Ахмад настны тухай хуулийг баталж байв. Харин ахмадууд жаргалтай амьдрах нь битгий хэл амь зуух ч “тэнхэл”-гүй нийт­лэг төрхтэйг харуулсан судалгаа баримт олон.

 

ХЭҮК  2015 онд ахмад настнуудын нийг­мийн хамгааллын нөхцөл байдлыг судалсан байдаг. 18 аймгийн 360 ахма­дыг хамруулахад тэд ямар нөхцөлд хэрхэн амь зууд­гийг судалж, тэдэнтэй ярилцжээ.

 

Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр авч чаддаг уу  гэсэн асуултад 47 хувь нь “Үгүй” гэжээ. Шалтгааныг нь тодруулахад 21 хувь нь амарч сувилуулах эрхтэй гэдгээ мэддэггүй, 20 хувь хөнгөлөлттэй үнээр амрах эрхийн бичгийг хаанаас яаж авахаа мэддэггүй, 18 хувь нь амралтад амрах шаардлага гардаггүй,16 хувь нь эрхийн бичиг олддоггүй, 13 хувь нь хүнд суртал, чирэгдэл ихтэй тул эрхийн бичиг авч чаддаггүй, 12 хувь нь бусад гэж хариулжээ.

 

Ахмад настны нийг­мийн хамгааллын тухай хуульд заасны дагуу тэжээн тэтгэх хүүхэдгүй эсвэл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тог­тоогд­сон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа олгодог мөнгөн тусламж авч чаддаг эсэхийг судлахад 41 хувь нь “уг болзолд хамрагддаггүй”, 36 хувь нь “үгүй” 13 хувь нь “тийм”, 10 хувь нь “мэдэхгүй” гэсэн байна. Мөн худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, ний­тийн үйлчилгээний газар тэр­гүүн ээлжинд үйлч­лүүл­дэг эсэхийг тодруулахад судалгаанд оролцогчдын 1.4 хувь нь хариулаагүй, 61 хувь нь  огт хэрэгждэггүй, бусдын адил дараа­лал хүлээгээд зогсдог, 22 хувь нь үйлчилгээний байгууллагууд энэ асуу­далд огт анхаардаггүй гэжээ.

 

296.3 мянган ахмадын 2472 нь төрийн болон ТТБ байгууллагад, 4715 нь хувийн хэвшилд, 4616 нь үйлчилгээний салбарт,  1967 нь барилга, тээвэр, үйлдвэрлэлд, 26186 мал аж ахуйд 5692 нь газар тариалангийн салбарт ажилладаг гэсэн мэдээллийг Монголын ахмадын холбооны анхан шатны байгууллагууд гаргасан байна. Ингэхдээ аль ч салбарт олонх нь эмэгтэйчүүд ажиллаж байгааг дурдсан байна.

 

 

“Help Age International” олон улсын байгууллагаас  улс орнуудын дунд явуул­сан хэлэлцүүлэгт оролц­сон ахмадуудын ихэнх нь хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө мөнгөө хэрхэн зарцуулах, хаана хэнтэйгээ амьдрах эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудлаар саналаа хэлэх, өөрөө шийд­вэр гар­гах боломжгүй тухай ярьсныг илтгэлд онц­­гой­лон тодотгожээ. Дэл­­хийн олон орны ахмад настнуудын бодит жи­шээнд тулгуурласан кей­сүүд дунд  Монгол Улсыг онцлохдоо “Хү­нийг тэт­гэврийн насанд хүрэнгүүт түүний хүсэл сонирхол, ажиллах чад­варыг үл хар­галзан тэтгэвэртээ гара­хыг шаард­даг. Тэтгэврийн насныханд ажил хийх боломж байх­гүй” гэсэн Монгол эмэг­тэйн ярилцлагыг дурдсан байна.

 

Харин судлаачдын зүгээс ахмадууд онцгой эрх эдлэх учиртайг тэмдэглээд “Ахмад настанд онцгой ач холбогдолтой эрх”-үүдийн жагсаалтыг гаргасан байна. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гаргасан “Насжилтын талаарх тунхаглалд ахмад настны  бие даан амьдрах, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, нийгмийн халамж, хамгаалалд хам­раг­дах, алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх, нэр төр, эрхэм зэргээ хүндэтгүүлэх эрхийг  баталгаажуулсан байна.

 

-Бие даан амьдрах, бус­даас хараат бус байх эрх

 

-Орон байртай байх эрх

 

-Зохистой хоол хүнсээр хангагдах эрх

 

-Нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж авах эрх

 

-Урт хугацааны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх

 

-Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авах эрх

 

-Гэрээслэл үлдээх эрх

 

-Эрхээ хамгаалуулах, гомдол хохирлоо бараг­дуулах

 

-Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх

 

-Хөдөлмөрлөх эрх

 

-Нийгмийн амьдралд оролцох эрх нь ахмадуудын ямар нөхцөлд зайлшгүй эдлэх учиртай онцгой эрхийн тоонд ордог байна.

 

Гэтэл ХЭҮК-ын явуул­сан судалгаанд оролцохдоо ахмадууд ийнхүү ярьжээ.

 

Кейс

 

“Ахмад настнууд бидэнд нүд, гар, хөл, чих, шүдний аль нэг өвчин тусахад төрөөс хөнгөлөлт туслалцаа үзүүлдэг мөртлөө үүнээс хүнд элэг, бөөр, зүрх дотор эрхтэний хүнд өвчлөлтэй болох, хагалгаанд орох үед ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй”

 

(Ховд аймгийн ахмадуудтай хийсэн ярилцлагаас)

 

“Ахмадуудад ялгамж­тай хандаж байна. Байрны хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэхээр батлан даагч байхгүй, өөрсдөө тэтгэврээрээ төлнө гэхээр зээлээ төлж чадахгүй, нас барна гээд зээл олдохгүй. Насаараа бөөрөнхий гэрт амьдралаа  одоо нас ахиад түлээ нүүрсээ ч оруулж чадахаа болиод байна. Жижиг ч жижигдэхгүй халаалттай өрөөнд үлдсэн насаа өнгөрүүлэхийг хүсэхгүй хэн байхав дээ.”

 

(Сүхбаатар аймгийн ахмадуудтай хийсэн ярилцлагаас)

 

…Хөдөөгийн ахмадууд Улаанбаатарт очоод хэдхэн хонодог энэ үед яагаад хотын ахмадуудын адил эрх эдэлж болохгүй гэж. Бид нэгэн ижил нийтийн тээврээр яагаад үнэ төлбөргүй зорчиж болдоггүй юм бэ.

 

(Говьсүмбэр аймгийн ахмадуудтай хийсэн ярилцлагаас)

 

“Ахмадууд бид аймаг­таа хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүнийхээ эргэн тойрны хогийг цэвэрлэж хүүхэд багачуудын тав тухтай орчинд тоглох нөхцлийг хэд хэдэн удаа хангаж байсан. Бидний чадах зүйл бол энэ л байна”

 

 (Архангай аймгийн ахмадуудтай хийсэн ярилцлагаас)

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

С.УЯНГА

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ЯдАРСАН дээр нт УИХ-ынхан СЭТГЭЛЗҮЙГЭЭР нт ТОГЛООД ХЦҮ БНА ӨӨӨӨ
2020-01-07